Ш.Гантулга: М.Энхболд шиг газар зараад баяжих боломж жирийн иргэдэд олдох уу?
Газар зарна – газар авна
Газар зарна – газар авна гэсэн энэ хоёр холбоос үгс хэзээнээс эхлэн монгол хэлний үгсийн санд орох болсныг мэдэж байгаа хүн байна уу? Сонин сэтгүүл, телевиз, цахим орчин, гудамж, талбай гээд хаа сайгүй л газар зарна, газар авна гэсэн зарууд чөлөөтэй тавигддаг болоод удаж байна. Иргэд ч энэ үгийг сонсоод нэгэнт цочирдохоо больжээ. Нэг хэсэг нь газар зарж, нөгөө хэсэг нь худалдан авдаг энэхүү арилжаа наймааны хэлбэр нь өнөөгийн нийгмийн харилцаанд байх ёстой зүйл мэт оршдог болоод хэсэг хугацаа өнгөрлөө.
Гэтэл газар зардаг энэ хэлбэр нь хэзээнээс эхлэн, хэний захиалгаар, ямар зорилгоор нийгмийн стандарт болтлоо хөгжөөд байгааг нухацтай бодож үзсэн ядаж ганц иргэн байна уу? Байгаа бол яагаад дуугарахгүй байна вэ? Сүүлийн 30-хан жилийн дотор Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал бүхэлдээ хямарсан гол шалтгаан нь газар зардаг болсонтой холбоотойг ухаарч ойлгож байгаа хүн байна уу?
1990 оныг хүртэл Монгол улсын түүхэнд газар зарж байсан ганц ч тохиолдол байдаггүй. Тэгвэл бидний өвөг дээдэс яагаад газраа зарж, арилжиж аваад амархан баяжчих дөт замыг сонгосонгүй вэ? Газар нутгаа зарж эхэлбэл хормын дотор л гадныхны боол болно гэдгээ сайтар мэддэг байсан учраас л тэр шүү дээ.
Үеийн үед Монголчуудын үндэсний аюулгүй байдлын гол хоёр багана нь газар нутгийн бүрэн бүтэн байдал, удмын сангийн бүрэн бүтэн байдал байсаар ирсэн. Энэ нь үеийн үед Монголчууд газар нутаг томтой боловч хүн ам нь цөөнтэй байсантай нь холбоотой. Хүн ам нь цөөн газар нутаг нь том байсан учраас харийнхны ашиг сонирхлоос газар нутгаа хамгаалахын тулд Монголчууд газрын бодлогодоо маш их ач холбогдол өгч ирснийг өвөг дээдсийн маань ариун түүх гэрчилдэг.
“Алд дэлэм газар гэдэг бол ахуй төрийн үндэс тул алдаж хэрхэн болох вэ?” гэсэн Модун хааны гэрээс Хятадын түүхч Сима Цяны “Хүннүгийн шастир”-т тэмдэглэгдэн үлдсэн нь өвөг дээдэс маань газар нутагтаа ямар их ач холбогдол өгч байсны тод баталгаа мөн. Саяхан л гэхэд газар нутгийнхаа төлөө цогтой тэмцэгч О. Дашбалбар гуай “Газар зарна гэдэг үг монгол хүний амнаас гарах ёсгүй. Тэднийг 7 үеэр нь шалгах хэрэгтэй” гэсэн нь тэмдэглэгдэн үлджээ.
Эх орон газар нутгийнхаа төлөө тэмцэж ирсэн эдгээр эрхмүүдийн хойч үеийнхэндээ хандан хэлсэн хатуу ч гэсэн үнэн үгс, захисан захиасыг нь ухаарч чадвал өнөөгийн үүсээд байгаа нийгмийн хямралаас гарах гарцаа олж чадах нь тодорхой юм.
Газар нутаг гэдэг бол байгалийн бүх баялгийн хамгийн чухал нь буюу эх үндэс нь юм. Газар л бусад баялгуудаа тэжээн тэтгэгч нь болдог. Гэвч газар нутаг улс үндэстэнд хэмжээ хязгаартай байдаг ба түүнийг ихэсгэж нэмэгдүүлж болдоггүй тул бусад баялгууд дотроос хамгийн үнэ цэнэтэй баялгаар тооцогддог. Иймд газраа хэр зэрэг зөв зохистой эдэлснээс улс орон хөгжиж, ард иргэдийн амьдрал дээшлэх эсэх нь шийдэгдсээр ирсэн жамтай тул олон талаас нь газрын асуудлыг авч үзэж оновчтой шийдвэрлэх нь чухал билээ.
Гэтэл бид өнөөдөр газар нутгаа хэрхэн ашиглаж байна вэ? Өвөг дээдсийнхээ уламжлан авч ирсэн түүхэн туршлагыг уландаа гишгэж, тэрсэлснээрээ бид хожсон уу, хохирсон уу? Өнөөдөр бид газрыг зарж, үрж, арилжиж болдог бараа таваар болгосноороо хожсон уу, хохирсон уу? Газар зарна гэдэг энэхүү чөтгөр тийрэнгийн сэдэл хаанаас эхтэй вэ? Газар зарах нь хэнд хамгийн их ашигтай вэ? Энэ нь нийгмийн хөгжлөө дагасан жам ёсны өөрчлөлт үү эсхүл харийнхны атгаг ашиг сонирхлыг хамгаалах зорилготой холоос шидсэн чулуу юу? Яаж үүнийг мэдэх вэ?
1980 оны дунд үеэс эхлэн АНУ-аар толгойлуулсан барууны өндөр хөгжилтэй орнууд буурай хөгжилтэй орнуудын дотоод улс төр, эдийн засгийн амьдралд нөлөөлөх оролдлого маш хүчтэй явагдсан. Тэд үүнийгээ чөлөөт зах зээлийн эдийн засгийн бодлогын халхавчин доор үйлдсэн бөгөөд Вашингтоны консенсус нэртэй хөтөлбөр боловсруулсан байдаг. Тус хөтөлбөрийн дагуу чөлөөт зах зээлийг тунхаглагч улс орнууд буурай орнуудын авилгалд автсан улс төрчдөд дараахь зөвлөлгөөг өгч байв. Үүнд:
• Төрийн оролцоог багасгах, төрийг өмчгүй болгох, улмаар төргүй болох
• Худалдааны татваргүй болох, компаниудыг төрөөс дэмжихийг хориглох
• Бүх өмчийг хувьд шилжүүлэх замаар "шударга" хувьчлах
• Газрыг хувьчлах (Монгол, Замби, Киргиз, Таджикийн жишээ)
• Ус, цахилгааныг хувьчлах (Болгар, Аргентин, Никарагуа улсын жишээ )
• Хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, ямар нэгэн хязгаарласан заалт, хуулийг үгүй болгох зэрэг багтдаг.
Үүнийх нь золиос нь хөгжиж буй буурай орнууд болж байсны нэг нь Монгол улс юм. Энэ бодлогынхоо хүрээнд 1992 оны Шинэ Үндсэн хуульд өөрсдийн зөвлөхүүдээр дамжуулан хорт бодлогуудаа суулгаж чадсан байдаг. Тэд Үндсэн хуулийн Газрын тухай хэсэгт Өрнөөс угшилтай газар өмчлөлийн бодлогыг суулгаж чадсан нь өдгөө газар зарна – газар авна гэсэн нийгмийн стандарт болтлоо хөгжчихөөд байгаа газрын наймааны суурийг тавьсан.
Тухайн үед иргэдээ өмчтэй болгож, газрыг жинхэнэ утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн хувь хүний хүсэл шуналыг өдөөсөн гоёмсог нэртэй уриа гаргаж ард иргэдийн тархийг амжилттай угааж чадсан нь өнөөдөр газар нутаг маань аажим аажмаар гадныхны мэдэлд шилжих үндэс суурь болсон. Гадныхны бидэнд хүчээр тулгасан энэ бодлого нь үеийн үед тусгаар тогтнолын маань баталгаа болж байсан өвөг дээдсээс маань уламжлан ирсэн бодлогоос юугаараа ялгаатай юм бэ? Алсдаа хор хөнөөлтэй гэдгийг нь юугаар батлах вэ?
Түүхэндээ Монголчууд:
• Газар бол амьтай бүхний оршихуй эс оршихуйн баталгаа мөн.
• Газар бол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа мөн.
• Газар бол улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь мөн гэсэн дэс дараалал бүхий алсыг харсан газрын бодлогыг хэрэгжүүлж ирсэн түүхтэй.
Энэхүү газрын уламжлалт бодлогоос харвал газрыг ашиглах гэхээсээ илүү хамгаалах бодлогод ач холбогдол өгч байсан нь илэрхий байгаа нь өвөг дээдсийн маань үр хойчоо бодож чаддаг холч ухаантай нь холбож ойлгохоос өөр аргагүй. Харин бид яаж байна вэ? Үр хүүхэд, хойч ирээдүйдээ ямар газар нутаг үлдээх гээд байна вэ?
“Аливаа улс орон өөрийн газар нутгаа хэрхэн ашиглаж байгааг ажигла. Тэгвэл та тухайн ард түмний ирээдүйн талаар тун нарийн дүгнэлтэд хүрч чадна” хэмээн нэгэн суутан хэлсэн байдаг. Өнөөдрийн үйлчилж байгаа газрын харилцааны хууль эрх зүйн орчноо хараад иргэн та ойрын ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
Өнөөдөр уламжлалынхаа яг эсрэг ажиллаж байгаагаа ухаарч, ойлгож, гэмшиж байгаа иргэн Монгол улсад байна уу? Газар нутгийн дархлаа болж ирсэн уламжлалт бодлогынхоо хөлийг толгой дээрээ гаргачихсанаа анзаарч байгаа хүн байна уу? Та өөрөө толгойгоо уруу харуулж, хөлөө дээш өргөн гар дээрээ алхах гээд үз л дээ. Хэр их хол явж чадахаа нэг харчих. Бидэнд чинь алхаад бай гэж хөл байгаа биш бил үү? Тэгвэл аливаа жам ёсны бодлого гэдэг чинь хөл толгой нь зөв байрлалтай байхыг хэлэх бус уу?
Монголчууд газрын бодлогоо зангидахдаа хамгийн эхэнд экологийн асуудлыг, хоёрт нь үндэсний аюулгүй байдлын асуудлыг, гуравт нь эдийн засгийн үр ашгийн асуудлыг тавьж байсан нь илэрхий байна шүү дээ. Тэгж чадсан учраас л энэ том газар нутгийг бидэнд өвлүүлж үлдээсэн юм биш үү? Үүнийгээ хэдхэн сургааль үгээр бидэнд хэлээд үлдээчихсэн агуу ард түмний үр сад гэдгээ ухамсарлаж байгаа иргэн хэр олон байна вэ?
Газар нутаг гэдэг бол байгаль экологийн салшгүй нэг хэсэг гэдгийг тэнгэр эцэг газар эх, газар хүн хоёр хүйн холбоотой, этүгэн газар гэх мэтээр хүнчлэн ойлгож, дээдлэн шүтэхийг бидэнд өвлүүлсэн бус уу? Газар бол Улсын үндэс, Жанчхүүгийн даваанаас нааш хятад шаахайн мөр бүү гарга зэргээр хаад ноёд маань үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хэрхэн хамгаалах талаар захиасаа хэлээд үлдээчихсэн бус уу?
Эцэст нь хаяа багтвал бууна, хазаар багтвал иднэ, айл нэгтийн амь нэг, саахалт айлын санаа нэг гэх зэргээр газар нутгийг чиний миний гэлгүйгээр боломж боломжоороо хамтран үр шимийг нь хүртэнэ гээд эдийн засгийн үр ашгийг нь тодорхойлоод өгчихсөн бус уу?
Өнөөдөр газар зарна – газар авна гэсэн газрыг арилжааны хэрэгсэл болгосон зохицуулалт үндсэндээ 3 замаар хэрэгжиж байна. Нэгд, газар өмчлөлийн хуулиар; Хоёрт, 2003 онд батлагдсан одоогийн мөрдөгдөж буй Газрын тухай хуулинд суусан эзэмшлийн газрын гэрчилгээг барьцаалж, шилжүүлж болно гэсэн заалтаар; Гуравт, ашигт малтмалын хуулинд суусан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг худалдаж, шилжүүлж болно гэсэн заалтаар дамжин газар нутаг маань гадна дотны нийлсэн цөөн луйварчдын гарт шилжиж байна.
Энэ гурван зохицуулалтаас хамгийн аюултай нь бөгөөд өнөөдрийн газрын салбарт үүсээд байгаа хямралын суурь нь газар өмчлөлийн бодлогод нуугдаж байдаг. Учир нь газар өмчлөлийн бодлогоор дамжин газрыг худалдах, худалдан авах эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, газрын наймаа үүсдэг. Бид газрыг зарж болж байгаа учраас алдаад байгаа юм. Иргэд нь 0,7 га газраа зарж болж байгаа учраас эрх мэдэлтнүүд нь газар эзэмшлийн гэрчилгээгээ шилжүүлэх замаар газрын наймаа хийгээд байгаа юм. Иргэд нь 0,7 га газраа зарж болж байгаа учраас ашигт малтмалын орд газруудаа лиценз нэртэй хуульчилсан хулгайн цаасаар гадна дотны луйварчдад алдах, улмаар эзэн суулгах боломжийг нь олгоод байгаа юм. Иймд, үр хойчдоо газар нутгаа бүрэн бүтнээр үлдээе гэсэн өчүүхэн ч гэсэн сэтгэл өнөө цагийн бидэнд байгаа л бол газар өмчлөлийн бодлогыг эргэн харах ёстой.
Ард иргэд зарим нэг зүйл дээр төөрөлдөөд байдаг. Газар өмчлөлийг зогсоочихвол бид 0,7 га газраа ч авч чадахгүй эсхүл одоогийнх нь өмчийн газрыг нь хураана гэж ойлгоод байдаг. Тэгж төөрөлдөж болохгүй. 0,7 га газар бол ахуйн хэрэгцээний газар шүү дээ. Газар өмчлөлийн бодлогыг халсан тохиолдолд иргэдийн амьдарч байгаа газар өмчлөлийн гэрчилгээ нь газар эзэмшлийн гэрчилгээгээр солигдоно. Шинээр 0,7 га газраа газар эзэмших гэрчилгээгээр авна гэсэн үг. Бүр 0,7 га газраа үр хойчдоо өвлүүлэн эзэмшүүлж ч болно. Социалист системийн үед ч тэр, одоо үйлчилж байгаа манай Иргэний хуулинд ч тэр “Насан туршийн өвлөх эрх бүхий эзэмшлийн газар” гэсэн зохицуулалт бий. Энэ хоёр зохицуулалтын хооронд цорын ганц ялгаа байгаа нь газрыг худалдах, худалдан авах эрх юм. Газрыг эзэмшилд шилжүүлснээр газрын наймаа буюу газар зарна – газар авна гэсэн хууль бус наймааг таслан зогсоож чадах юм. Ингэснээр бид газар нутгаа гадны дотны луйварчид, доншуучдын савраас бүрэн хамгаалж чадна.
Үндсэн хуулийн Газрын тухай хэсгийн бэхэлгээнд Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газрыг гадаадын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, барьцаалах, худалдахыг хориглоно гэсэн заалттай. Энэ заалтын дагуу өмчийн 0,7 газар гадныхны мэдэлд очих боломжгүй гэж иргэд ойлгоод байдаг. Тэгж эндүүрч болохгүй. Газрыг өмчлүүлсэн тохиолдолд газар өөрөө жинхэнэ үл хөдлөх эд хөрөнгө болж, түүний дээр барьсан барилга байшин тухайн газрын бүрдэл хэсэг гэсэн агуулгаар тодорхойлогддог. Энэ тохиолдолд газрын гэрчилгээ шилжүүлэх асуудал Үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн бүртгэлийн тухай хуулиар зохицуулагддаг. Манай өнөөгийн мөрдөгдөж буй Иргэний хуулинд ч бас Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу гадаадын иргэн, хуулийн этгээд иргэдийн 0,7 га газар дээр баригдсан байшин барилгыг худалдаж авахад л байшин дагаад газар минийхээ гэсэн хууль үйлчилнэ. Нэг дор гадны олон иргэд нийлээд байшин худалдаж аваад эхэлбэл хятад хороолол гэдэг шиг таун хороолол үүсэх бүрэн боломжтой. Тэр үед төр засаг Үндсэн хуулийн заалтаа бариад зүтгэсэн ч гадны төр засаг, тухайлбал Хятадын төр хууль ёсны дагуу өмчтэй болсон иргэдийнхээ өмчийг хамгаална гээд ороод ирвэл яах вэ?
Газар өмчлөлийн бодлогоор дамжин үүсэх боломжтой 2 дахь аюул нь цусны бодлогоо давхар алдах явдал байдаг. Иргэдэд газар өмчлүүлж эхлэхээр тухайн улсын иргэнтэй гэрлэх хүсэлтэй гадаадын иргэдийн тоо өсдөг. Тэдний дундаас төрсөн үр хүүхдүүд хууль ёсны дагуу газар өмчлөх эрхтэй болдог. Ийм олон эрсдэлүүд байдаг учраас л үеийн үед хүн ам цөөн байсан Монголчууд газрыг өмчлүүлэхээс сэрэмжилж байсан болов уу.
Өнөөдөр эзэмшлийн газрын гэрчилгээг шилжүүлэх замаар үүсэж байгаа газрын наймаа гаарч байна. Улс төрчид, эрх мэдэлтнүүд, газрын байцаагчид болон тэдний хань хамсаатнууд нийлсэн газраар хөлжигсдийн бүлэглэл үүсчихээд байна. Нэгэнт газрыг ашиг олох арилжааны хэрэгсэл болгочихлоор түүнийг дагаад нийгэмд маш олон эрсдэлүүд үүсдэг. Улаанбаатар хотын замбараагүй төлөвлөлтийн суурь шалтгаан нь эзэмшлийн газрын наймаанаас үүдэлтэй. Мөн энэ заалтаар тариалангийн газрыг ч наймаалцаад эхэлчихсэн. Эзэмшлийн газрын наймааг хотын дарга байсан М.Энхболд эхлүүлсэн гэдэг түүхтэй.
Одоо асуулт тавъя.
Миеэгомбын Энхболд болон тэдний хань хамсаатнууд, үе үеийн газрын салбарын мэргэжилтнүүд болон байцаагчид тэдний ойр дотныхонд олдоод байгаа газар зараад баяжих тэр боломж жирийн иргэн танд байна уу? Яагаад жирийн айлын хүүхэд гэр оронтой болохын тулд ипотекийн зээлэнд хамрагдан 20 жил байрны лизинг төлж амьдарч байхад овсгоотой луйварчид болон тэдний үр хүүхэд огт хөдөлмөрлөхгүйгээр газар зараад л асуудлаа шийдэх ёстой гэж?
Энэ шударга явдал мөн үү? Танд байхгүй боломж тэдэнд байгаад байгаа нь газрын наймааг хууль бус гэдгийг батлаад байгаа бус уу? Иймхэн зүйл ойлгоод авчих тэнхэл алга уу?
Ашигт малтмалын лицензийн наймаа хууль ёсных мөн үү? Бас л биш. Лиценз бол хуульчилсан хулгай мөн. Газрын наймаа байгаа учраас л оршин тогтноод байгаа юм. Өнөөдөр Монгол улс хайгуулын лицензээ хүртэл гадныханд өгч байна. Айлаар зүйрлүүлбэл газрын хэвлийн баялаг бол авдар доторх баялаг юм. Айл өрх ховор нандин бүхнээ авдартаа хадгална. Авдрын түлхүүр гэрийн эзэнд байх хуультай. Гэрийн эзэн авдрын мухарт буй ховор нандин эрдэнэсээ хайж олох нь нэг хэрэг. Харин олсноо өнөөдөр ашиглаад дуусах уу эсхүл ашиглалгүйгээр үр хүүхдүүддээ хадгалж үлдээх үү гэдэг нь огт өөр хэрэг.
Гэтэл өнөөдөр бид зарж, шилжүүлж болдог хайгуулын лиценз нэртэй цаасаар дамжуулан авдрынхаа түлхүүрийг дотоод, гадаадын доншуучдад нэгэнт алдсан. Авдрын түлхүүр гартаа хийж чадсан тэд авдрын мухарт буй алт, эрдэнэсийг маань хайж олсон учир ашиглах ёстой гэж улайран зүтгэж байна. Өөрсдийн хүсэл шуналаа гүйцэлдүүлэхийн тулд тэд энэ бүх луйврын зохицуулалтаа Монгол улсын ашигт малтмалын хуулинд суулгаж чаджээ. Иймд өнөөдөр үйлчилж байгаа бүх ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лицензийг хүчингүй болгож, цоо шинээр уул уурхайн бодлогоо тодорхойлох цаг ирээд байна.
Нэгэнт Газар Улсын өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн л юм бол газрын хэвлийн баялаг нь хувь хүн, хувийн компаний баяжих хэрэгсэл байж хэрхэвч болохгүй гэсэн цорын ганц логик л уул уурхайн ашиглалт, олборлолтын бодлогыг тодорхойлох ёстой.
Энэ логикоор бол уул уурхайн салбарт дараах өөрчлөлтүүдийг нэн яаралтай хийх шаардлагатай болж байгаа юм.
Нэг: Уул уурхайг зөвхөн төрийн өмчит компани зохион байгуулах замаар ашиглах (Эрдэнэтийн жишиг. Үүнийг хийснээр Оджаргалын Энержи ресурс, Дэлгэрсайханы Төмөртэйн орд гэх мэт том жижиг бүх хувийн уул уурхайн компаниудыг төрд үе шаттайгаар шилжүүлэх, татах үндэслэл бүрдэнэ);
Хоёр. Хайгуулыг зөвхөн Улсын төсвөөр хийдэг байх (Учир нь хэвлийн баялаг бол авдар доторх баялаг. Лиценз нэртэй цаасаар дамжуулан авдрын түлхүүрийг хэн дуртай нь барьж байна. Түүгээр зогсохгүй би хайж олсон учраас ашиглах ёстой гэсэн авдрыг шууд хоослох зохицуулалтыг хуулинд суулгачихсан байна. Энэ бүхнийг өөрчлөх ёстой).
Гурав. Лиценз нэртэй хуульчилсан хулгайг зогсоох. Нэгэнт төрийн өмчит компани зохион байгуулах замаар ашиглаж байгаа тохиолдолд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн хэрэг огт байхгүй. Бүх лицензийг цуцалж улс өмчөө өөр дээрээ хурааж төвлөрүүлэх цаг нь болсон. Ашигт малтмал бол Улсын, өөрөөр хэлбэл бүх ард түмний өмч учраас лицензийг хувь хүн, хувийн компани эзэмших эрхгүй.
Дөрөв. Үнэхээр зайлшгүй гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзвэл гадны төртэй, төрийн өмчит компанитай хамтрах (Үүнийг хийснээр бид Рио Тинто, Кожегов мэтийн үндэстэн дамнасан мангасуудыг нутаг орноосоо хөөж чадах төдийгүй бусад хятад эзэдтэй уул уурхайг зогсоох, эздийг нь хөөх нөхцөл бүрэлдэнэ)
Эцэст нь дүгнээд хэлэхэд яагаад газар өмчлүүлэх болон газрыг худалдах эсхүл худалдан авах нь буруу вэ? Яагаад газраар наймаалцах нь буруу вэ?
Өмчлөх эрх бол эд хөрөнгийн эрх юм. Аливаа эд хөрөнгө бүтээсэн эзэнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгөнд бүтээсэн эзний хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн байх ёстой. Харин бид газрыг бүтээхэд атга шороо нэмсэн бил үү? Энэ нь газар зарж, худалдан авч болохгүй гэсэн жинтэй үндэслэл юм. Газар зарах л юм бол овсгоотой цөөнх луйварчид нь хожиж, үлдсэн олонх нь хохирч байдаг.
Газрын наймаа бол хөдөлмөрийн эрхийг зөрчдөг. Огт хөдөлмөрлөхгүйгээр баяжих боломжийг луйварчидад олгодог. Газар зарж байгаа хүн үнэндээ луйварчин юм. Гадныханд зараад эхэлбэл урвагч болж хувирна. Ийм байхад бидэнд газрын наймаа хэрэгтэй гэж үү?
Өнөөдөр манайх уруудан доройтож, эсрэгээрээ, Хятад улс мандан бадраад гол шалтгаануудын нэг бол яах аргагүй газрын наймаа юм. Үүнийг ойлгоё гэвэл хоёр улсын Үндсэн хуулийн Газрын тухай бэхэлгээг харьцуулахад л хангалттай. Хятад улсын Үндсэн хуулийн Газрын тухай хэсгийн бэхэлгээнд хоёр чухал заалт байдаг.
Нэгд, Хятад улсын Үндсэн хуулийн Газрын тухай хэсгийн 10-р зүйлийн 4-р заалтад: “Бүх байгууллага болон хувь хүмүүст газрыг худалдах, худалдан авахыг хориглоно. Өөр бусад хэлбэрээр газрыг түрээслэх эсхүл хууль бусаар шилжүүлэхийг хориглоно”. Өөрөөр хэлбэл, ямар ч газрын наймаа буюу газар зарж баяжина гэсэн ойлголт байхгүй шүү гэсэн сануулга.
Хоёрт, Хятад улсын Үндсэн хуулийн Газрын тухай хэсгийн 9-р зүйлийн 2-д: “Улс байгалийн баялгийн зүй зохистой ашиглалтын баталгааг хангах ба ургамал, амьтны үнэт төрөл зүйлийг хамгаалалтад авна. Дурын байгууллага, хувь хүнд байгалийн баялгийг ямар нэгэн байдлаар хувьдаа эзэмших эсхүл сүйтгэхийг хориглоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, байгалийн баялаг бол хувь хүн, хувийн компаний баяжих хэрэгсэл хэрхэвч байж болохгүй гэсэн сануулга.
Хятад улсын хөгжлийн гол нууцуудын нэг нь өмчилж болдог ба өмчилж болдоггүй зүйлийн заагийг яс нарийн тодорхойлж өгсөнд оршиж байгаа. Төр нь төр шиг ажилладагт оршино гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу? Өнөөдөр Монгол улсын газрын бодлого, газрын харилцааны хууль эрх зүйн орчныг Хятад улсынхтай харьцуулбал өврөө нээсэн янхан хүүхэнтэй зүйрлүүлж болохоор байна шүү дээ. Ингээд л байгаад байх уу?
Гудамжинд гараад жирийн иргэнээс та О. Дашбалбар гуайг мэдэх үү? гэж асуухад ихэнх иргэд яруу найрагч, газар нутгийнхаа төлөө цогтой тэмцэгч гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл газар нутгийнхаа төлөө яаж тэмцсэн юм гэхээр мэдэхгүй.
Уул уурхайг гадныханд өгөхгүй л гэж тэмцсэн байх даа гэдэг. Уучлаарай. Тэгж эндүүрч болохгүй шүү. О. Дашбалбар гуай “Газар өмчлүүлж болохгүй. Иргэнд 0,7 га газрыг өмчлөх эрхээр өгч болохгүй. Газрыг зардаг болгож болохгүй. Монгол хүний амнаас газар зарна гэсэн үг гарах ёсгүй. Газрын наймаа гэж юм байдаггүй. Газар зарна гэдэг нь солиорол. Бид үүнийг хийвэл газар нутгаа гадныханд алдана гэдгийг л дахин дахин хэлж тэмцсэн. Өнөөдөр О. Дашбалбар гуайн сэрэмжлүүлгийг үл тоосон учраас монголчууд бид үйл лайгаа эдэлж байгаа шүү дээ. Бид бүгдээрээ сэтгэлийнхээ гүнд үүнийг зөвшөөрч байгаа. Тийм байхад цаашид өөрсдийгөө хуурсаар байх уу?
Одоо Монголын ард түмэн сэрэх цаг болсон. Өөрчлөлт хийе, үр хойчдоо эрүүл саруул газар нутаг үлдээе гэж бодож байгаа л бол өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хий. Яг одоо эхэл. Газар зарна – газар авна гэх тэнэглэлээ зогсоо. Хөдөлмөрлөхгүйгээр амархан баяжчих гэсэн хүсэл шунал, бэртэгчлэлээ хязгаарла. Үүний төлөө жирийн иргэд нэгдэж тэмц. Үндэсний аюулгүй байдлын тулгуур баганыг ганхуулж байгаа газрын наймааг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал шүү. Энэ асуудлыг сөхөж дэвшүүлж байгаа хүмүүсээ төрдөө зал. Таны тархи толгойд газар зарна – газар авна гэсэн жаахан ч гэсэн сэдэл байвал та өөрийгөө Монгол хүн гэдэгт эргэлз!! Газар зараад баяжчихна гэсэн сэдэл зөвхөн харьжсан сэтгэлтнүүдийн сэтгэцийн эмгэг гэдгийг ухаар! Тиймээс сэдлээ шалгаж бай. Ийм хүчтэй итгэл үнэмшилтэй байж чадвал Монголын ард түмэн гарцаагүй ялах болно.
МОНГОЛ УЛС ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!
Шагдарсүрэнгийн Гантулга