Найман зуун сая хүнийг ядуурлаас салгасан Дэн Сяопин
- БНХАУ байгуулагдсан баярын өдөрт
Хятадын гол ололт юу вэ? Ангийн тэмцэлд ялж ардын хувьсгалаа хийсэн, социалист бүтээн байгуулалт, хятадын онцлогтой социализм, Хятад мөрөөдөл, Бүс ба Зам гээд олон түүх өгүүлж болох авч гарчигт өгүүлсэн түүхийг л орчин цагт онцолдог. Даян дэлхийн нуруун дээрээс ямар том хүнд ачааг аваад хаячих ваа гэдэгт л эрдэмтэд–нийгэм судлаачид, улс төрчид тархиа гашилгасаар...
Тэр хүнд ачааг авч хаясан гавьяатан нь гарчигт нэр дурдсан эрхэм билээ. БНХАУ-ын ойн баярын энэ өдөр энэ нийтлэлээрээ уншигчдын сонорт хүргэж байна. “БНХАУ-ын төрийн удирдагчид цуврал” номын III боть нь “Дэн Сяопин”-д зориулагдаж байна. Энэхүү түүхэн цувралын автор нь хятад судлаач, докторант Х.Баатархүү. Энэ удаагийн III номын ерөнхий редактороор ажиллах боломж надад олдлоо. Бид энэ номоо амжилттай дуусгаад, одоо IV ботио Хятадын өнөөгийн удирдагчийн эцэг, ахмад хувьсгалч, нам-төрийн зүтгэлтэн Си Жүнсюньд зориулахаар ажиллаж байна.
Номын оршилд би ингэж бичсэн. Эрхэлж байсан албан тушаалаараа Хятадын Төрийн тэргүүн, коммунист намын тэргүүн, Засгийн газрын тэргүүн байгаагүй ч Хятад орныг зүүний балмад бодлогын хар тамаас (“Соёлын хувьсгал” гэгч) суга татан гаргаж, Хятадын тэрбум ард түмэнд амар жимэр аж төрөх, хийсэн бүтээснийхээ хэрээр хүртэж жаргах түүхэн боломжийг олгосон гэдгээрээ тэрбээр дэлхий дахины нэгэн цаг үеийн түүхийн хуудаснаа бичигдэх ховорхон хувь тохиолтон болж тодорно.
Дэн Сяопин бол 1978 оны 12 дугаар сард хуралдсан ХКН-ын Төв Хорооны алдарт III бүгд хурлаар дэлхий дахинаа зарласан БНХАУ-ын эдийн засгийн реформ шинэчлэлийг эхлүүлсэн гол автор-архитекторч нь юм. Тэрбээр “Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй!” гэсэн томьёоллоороо Хятадад нийгмийн ямар байгуулал байх нь гол биш, дэлхийн хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн хөгжил дэвшилд тэмүүлэх, ард түмнээ ядуурлаас ангижруулах нь чухал гэдэг асуудал дэвшүүлж, тэр зорилгодоо ч эх орноо хүргэж чадсан билээ.
ХКН-ын XI их хурлаас (1977 он) сонгогдсон Намын Төв Хорооны тэрхүү III бүгд хурлаас хойшхи 40 гаруй жилд 800 сая ядуус ядуурлаас гарлаа гэдэг нь аугаа том үйлс, ялалт хэмээн хятадууд шагшдаг, тэр тухай ч намынх нь XIX их хурал, БХАТИХ-ын чуулганаар (13 дахь удаагийн сонгуулийн) хангалттай ярьсан. Энэ 40 жилд хүндийн төвийг улс төрөөс эдийн засаг руу эргэлтгүй шилжүүлсэн, либераль эдийн засгийн реформыг тасралтгүй хийсэн, гол бахархал нь 800 сая хүн ардыг ядуурал гуйланчлалаас гаргаж чадсан явдал аж. Тэр ололтыг илтгэх тоо: Хятадын ДНБ-ий өсөлт 35 жилд буюу 1980-2015 онд 191 тэрбумаас 11 их наяд доллар (бараг 58 дахин, яг нарийвчилбал $11.9 триллион) болж өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхнээ урьд хожид үзэгдээгүй үзэгдэл болно. GDP-ээ 58 дахин өсгөдөг өөр улс үндэстэн гэж дэлхийд нэрлэгдээгүй байна. 2018.05.23-нд Бээжинд “Хятадын ядуурлаас ангижруулах олон улсын форум” зохион байгуулагдахад Дэлхийн Банкны төлөөлөгч Белел Дебэл гэдэг хүн 40 жилд Хятадын 800 сая ард иргэдийг ядуурлаас ангжируулсан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдтай, хамгийн өргөн цар хүрээтэй ядуурлыг бууруулсан ажил боллоо хэмээжээ.
1979 оны нэгдүгээр сарын 28. Хятад орон даяар Хонин жилийн Шинийн нэгний баяраа тэмдэглэж, өтгөс буурлууддаа залуус нь хүндэтгэл үзүүлж айл хотлоороо цуглаж амтат хоолоо зооглон дугараг ширээгээ тойрон суудаг өнө эртний уламжлалт баяр болж байлаа. Харин Номхон далайн уудам хөх тэнгэрт БНХАУ-ын олон улсын иргэний агаарын тээврийн компанийн 2406 дугаартай гэсэн, хоёр бөөрөндөө 5 ширхэг одтой улаан далбаатай Боинг-707 онгоц тусгай үүргийн нислэг үйлдэн улам өндөрт тэмүүлэн урагш дүүлнэ.
Хөлгийн VIP тасалгаанд 70 эргэм насны намхан нуруутай богиновтор үстэй, саарал хүрэмтэй нэгэн эрхэм сонин гарчиглангаа тэмдэглэлийн дэвтэртээ ганц нэг юм бичин суух бөгөөд хөлгийн цонхоор хааяа нэг зураг дарна. Энэ эрхэм бол БНХАУ-ын II үеийн агуу удирдагч, орчин үеийн Хятад улсын архитекторч-өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогын “эцэг” хэмээн алдаршсан нэрт улс төрч Дэн Сяопин билээ.
Хорьдугаар зууны дунд үеэс эхлэн дэлхий дахиныг хуваасан “Хүйтэн дайн”, үзэл суртлын хуваагдлаас болж даян дэлхийн улс төрд үүссэн мөсөн уулыг нураасан нэгэн түүхэн айлчлалыг хийж, 30 гаруй жил алсарсан Хятад, Америкийн харилцааг сэргээж, АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картерийн урилгаар БНХАУ-ын Цэргийн Төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дэн Сяопин тэргүүтэй БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид АНУ-д албан ёсны айлчлал хийхээр дорно дахины ард түмний уламжлалт баяр Цагаан сарын шинийн нэгний өдөр алсын аянд дөрөөлсөн нь энэ байлаа.
Цаг хугацаа урсан одож 40 хаврыг улбаалсан ч тэр жилийн Шинийн нэгний өдрийн түүхэн нислэг нь орчин үеийн Хятад орны хувьд барууны ертөнцийн хаалгыг нээж, өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын гараанд хийсэн түүхэн алхам байлаа. Харин энэхүү номд Дэн Сяопингийн гэртээ тэмдэглээгүй олон олон Шинийн нэгний тухай өгүүлэх болно...
1997 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр их удирдагч Дэн Сяопин насан эцэс болов. Улс орон даяар гашуудал зарлаж хоёрдугаар сарын 20-ны 19 цагт Тяньанмэны талбайд БНХАУ-ын Төрийн далбааг бөхийлгөх ёслол болж хоёр хоногийн дараа болох байсан Шинийн 15-ны соёлын бүх арга хэмжээг цуцлав.
Хоёрдугаар сарын 20-нд НҮБ тугаа 45 градус бөхийлгөн хүндэтгэл илэрхийлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газарт хүрэлцэн гүн эмгэнэл илэрхийлжээ. Дэлхий түүнийг ийнхүү хүндэтгэж байлаа.
Дэн Сяопины хувьд 1997 онд Хонконг эх улсдаа эргэж нэгдэхийг хүсэн хүлээж тэр үед Хонконг-д очихоор төлөвлөж энэ тухайгаа ойр дотнохондоо үргэлж ярьдаг байлаа. Хэдийгээр тэрээр бурхны орноо одсон ч түүний олон жил хөөцөлдөж байсан томоохон үйл хэргийг нь залгамжлагч нар нь биелүүлж 1997 оны 7 дугаар сарын 1-нд Хонконг, 1999 оны арван хоёрдугаар сарын 20-нд Макао БНХАУ-ын бүрэлдэхүүнд эргэж ирснээр Хятадын газрын зураг шинэчлэгдэн бүрэн бүтэн болов.
Ийнхүү ХХ зууны Хятадын агуу улс төрч ард түмнээсээ алсран одсон ч тэрээр эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч социалист зах зээлийн хөгжингүй улс гүрнийг үлдээжээ.
Дэн Сяопиний улс орондоо байгуулсан хувьсгалт тэмцлийн гавьяа зүтгэл нь, эдийн засгийн нээлттэй бодлого нь, орчин үеийн төрийн байгуулалтын систем нь Хятадын түүхэнд, ард түмнийхээ зүрх сэтгэлд түмэн үед дурсагдах мөнхийн үйл хэрэг билээ.
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү