Ван И Нигери улсыг "Африк дахь Хятадын чухал түнш" гэжээ
2021 оны 9-р сарын 26-нд буюу уржигдар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Нигерийн Гадаад хэргийн сайд Хасуми нар НҮБ -ын Ерөнхий Ассамблейн ерөнхий шүүмжлэлд оролцох үеэрээ утсаар ярьжээ.
Энэ үеэр Ван И: "Нигер бол Африк дахь Хятадын сайн найз, ах дүү, хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятадтай найрсаг бодлого баримталж, Хятадын язгуур ашиг сонирхлын асуудлаар Хятадын талын байр суурийг дэмжсээр ирсэн Нигер улсыг Хятадын тал талархдаг. Энэ нь хоёр тал өндөр түвшинд харилцан итгэлцдэгийг харуулж байна. Хоёр орон цар тахлын эсрэг хүчээ нэгтгэн, бие биедээ тусалж, бэрхшээлийг хамтдаа даван туулж байгаа бөгөөд хамтын ажиллагааны томоохон төслүүд ч урагштай хэрэгжсээр байна. Хоёр талын дараагийн шатны ажил хэрэгч хамтын ажиллагааг сайтар төлөвлөж, хоёр орны харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна.Түүнчлэн улс орон бүхэнд хичээл зүтгэлээрээ өөрийгөө хөгжүүлэх эрх бий. Хөгжиж буй орнуудыг бүхэлд нь сэргээн хөгжүүлэх нь өнөө эрин үеийн хамгийн онцлог шинж бөгөөд энэ нь хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн чухал шинж мөн. Хөгжиж буй орнуудын хөгжилд дарамт шахалт үзүүлэх ямарваа оролдлого эцсийн эцэст ялагдал хүлээх нь гарцаагүй юм. Нигертэй хамтран олон улсын болон бүс нутгийн индэрт харилцан дэмжиж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, шударга ёсыг хамтаар хамгаалж, хөгжиж буй орнуудын хууль ёсны хөгжлийн эрх ашгийг бэхжүүлэхэд Хятад улс бэлэн байна" гэсэн байна.
Харин Хасуми : "Нигер, Хятад хоёр орон өнө удаан найрсаг харилцаатай бөгөөд бие биенээ тууштай дэмжиж ирсэн.
Нигерийн ард түмэн Хятад улс болон Хятадын ард түмэнтэй тогтоосон найрсаг харилцааг эрхэмлэн дээдэлж, Нигерийн хөгжлийн төлөө оруулсан Хятад улсын хувь нэмэрт талархаж байна.
Хятадын хөгжил хүн төрөлхтний нийгмийн хөгжил, дэвшлийн ерөнхий чиг хандлагад нийцэж байгаа бөгөөд Хятад улсын ололт амжилт нь бүх хүн төрөлхтөнд аз жаргал авчирч байна. Хятадтай олон салбарын хамтын ажиллагаагаа тэлж, Африк-Хятадын найрамдлын үлгэр жишээг бий болгоход Нигер улс бэлэн байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Дэлхийн хөгжлийн тухай санаачилга" нь Африкийн орнуудын хөгжлийн эрэлт шаардлагад нийцэж байна. Нигерийн тал энэ санаачилгыг бүрэн хүлээн зөвшөөрч, тууштай дэмжиж байгаа бөгөөд Хятад улстай хамтран хөгжиж буй орнуудын хөгжлийн тухай байх ёстой эрх, бие даасан хөгжлийн замаа сонгох хууль ёсны ашиг сонирхлыг хамгааж ажиллахад бэлэн байна" гэжээ.