Ангела Меркелийн дараагийн удирдагч хэн бэ?
Эмэгтэйчүүд улс орныг удирдах төрийн тэргүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж чаддаг гэдгийг дэлхий дахинаа баталсан, хамгийн алдартай удирдагч бол Германы канцлер Ангела Меркель билээ. Өдгөө 67 настай Меркель 2005 оноос хойш буюу 16 жилийн турш Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай Германыг удирдсаны эцэст төрийн албанаас буухаар боллоо.
Энэ хугацаанд тэрбээр олон шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан ч хамгийн энгийн, ухаалаг, хүчирхэг эмэгтэй гэсэн ул мөрийг дэлхийн улс төрийн тавцанд үлдээгээд “буцаж” байгаа нь энэ юм. Ийн түүний дараагийн төрийн тэргүүнээ сонгох парламентын сонгууль Германд үргэлжилж байна. Тус улсад санал өгөх эрх бүхий 18-аас дээш насны 60 сая хүн бий. Урьдчилсан санал хураалтаар консервативаас нэр дэвшигч Армин Лашет ялах магадлал өндөр байна.
Меркелийн зүгээс ч түүнийг дэмжиж байгаа бололтой хамтдаа бямба гарагт болсон жагсаалд оролцсон юм. Санал хураалт эхлэхээс 48 цагийн өмнө Ангела Меркель “Эрх мэдэл хэний гарт байгаа нь маш чухал” хэмээн анхааруулсан юм. Энэ нь Германыг тогтвортойгоор удирдах хүн хэрэгтэй гэсэн санаа бөгөөд энэ шаардлагад нийцэх хүн нь Армин Лашет гэж ажиглагчид үзэж байна.
Канцлер болохын төлөө Социал Демократ намыг төлөөлөн, дэд канцлер Олаф Шольц өрсөлдөж байна. Тэрбээр “Хамгийн чухал эвсэл бол сонгогчидтойгоо байгуулсан эвсэл юм. Учир нь тэд Социал Демократ намыг хүчтэй болгох тусам Засгийн газрыг удирдахад надад хялбар байх болно” гэж мэдэгджээ. Мөн канцлерт өрсөлдөж байгаа Меркелийн дараах хоёр дахь эмэгтэй бол “Alliance 90/The Greens” намын Анналина Бэйбок юм.
Тэрбээр нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр “Дараагийн Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нөлөө үзүүлж чадах сүүлчийн Засгийн газар юм” гэж ярьжээ.Сонгуульд аль ч нам ялсан эвсэл байгуулах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс аль намууд эвсэх нь ихээхэн анхаарал татаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин