Сомали улс сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа театрт кино үзүүлжээ
Иргэний дайны хөлд олон жил нэрвэгдсэн Сомали улс өчигдөр өндөр харуул хамгаалалтын дор театрт кино үзүүлсэн нь сүүлийн 30 жилийн хугацаанд анхны тохиолдол болжээ.
Киног 1967 онд Хятадын удирдагч Мао Зэдуний бэлэглэсэн Үндэсний Театрт гаргасан байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд уг театр цэргийн төв штаб болж, террористуудын халдлагад өртөж байсан түүхтэй.
Театрын захирал Абдикадир Абди Юсүф нээлтийн үеэр “Өнөөдөр Сомалийн ард түмний хувьд түүхэн өдөр болж байна. Олон жилийн хүндрэл бэрхшээлийн дараа соёл урлаг сэргэх найдлага төрүүлсэн явдал боллоо” гэжээ.
Өчигдөр орой уг театрт Сомалийн найруулагч Ибрахимийн “Hoos”, “Date from Hell” нэртэй хоёр бүтээлийг 10 долларын тасалбараар үзүүлсэн байна. Театр анх удаа Сомалийн найруулагчийн киног гаргаж байгаа нь энэ юм.
Эвдэрч сүйрсэн театрыг засварласны дараа лхагва гаригт дахин нээсэн байна. Театрын нээлт олон сомаличуудын хувьд хүүхэд насны дурсамжийг нь сэргээжээ.