АНУ вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээхээр болжээ
Арваннэгдүгээр сараас эхлэн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд агаарын хилээ нээх болсноо АНУ-ын засаг захиргаа өчигдөр зарлалаа.
Иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэх орнуудад Хятад, Их Британи, Ирланд, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил, Иранаас гадна Шенгений бүсэд багтдаг Европын орнууд багтаж байна.
АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сард Хятад улсаас ирэх зорчигчдод анх хилийн хориг тавьж байсан юм. Үүний дараа дэлхийн бусад улс орнуудад мөн адил хилийн хориг тавьж байжээ.
Харин гадаадаас эх орондоо ирж буй АНУ-ын иргэд хэрвээ вакцинжуулалтад хамрагдаагүй бол 24 цагийн дотор сөрөг гарсан шинжилгээний хариугаа үзүүлж, ирмэгцээ дахин шинжилгээ өгөх оношлуур худалдаж авсан байх ёстой.
Шийдвэр гарсны дараа АНУ, Европын агаарын тээврийн компаниудын хувьцааны ханш өссөн байна. АНУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй вакцинаар дархлаажсан гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх эсэхийг тус улсын Халдварт Өвчин Судлалын Төв шийдэхээр болсныг Цагаан ордноос мэдээлжээ.
Шаардлага хангасан гадаадын иргэд АНУ-д ирээд тусгаарлагдахгүй юм байна. Мөн вакцинжуулалтад хамрагдах насанд хүрээгүй хүүхдүүдийг хилээр нэвтрүүлэх талаар төлөвлөж байгааг мэдэгджээ.
Гэхдээ энэ шийдвэр зөвхөн агаараар АНУ-д зорчиж ирэх гадаадын иргэдэд үйлчилж, Канад, Мексикээс хуурай газраар нэвтрэх гадаадын иргэдэд хамаарахгүй юм байна.