“Дайны хажуугаар дажин” гэгчээр цар тахлын хажуугаар Халдварт өвчин судлалын үндэсний төв гэж хөл толгой нь олдохгүй газар бий болоод байна. Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрснээс хойш жил гаруйхан хугацаанд ХӨСҮТ дөрөв дэх даргынхаа нүүрийг үзлээ.
NEWSPRESS.mn
ХӨСҮТ-ийн захирлаар 10 гаруй жил ажилласан Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-нд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ өвчтөн тээвэрлэх журмыг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлийг хэлсэн юм. Харин Д.Нямхүү хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж шүүхэд хандаж, түүний гомдлыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд түүнийг ажилд нь буцаан томилох шийдвэрийг 2021 оны гуравдугаар сард гаргасан. Гэвч түүнийг томилоогүй.
Д.Нямхүүг чөлөөлсний дараа Сүрьеэгийн тандалт судалгааны албаны судлаачаар ажиллаж байсан Д.Наранзулыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар томилсон. Дараагийн захирлаар томилогдсон Д.Наранзул хоёрхон сар ажиллаад ажлаа өгсөн.
ХӨСҮТ-ийн дараагийн захирлаар Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн захирал байсан Л.Баттөрийг томилсон. Яг ямар шалтгаанаар чөлөөлсөн гэдэг нь тодорхойгүй ямартай ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж мэдээлсэн юм.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ийн шинэ захирлаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал байсан Ц.Билэгтсайханыг томилов. Түүний хувьд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын найз гэсэн сураг гараад буй.
Энэ мэт ХӨСҮТ-ийн халаа сэлгээ хэрээс хэтэрч, мэргэжлийн байгууллагыг нь эмх замбараагүй байдалд оруулж байна. ХӨСҮТ-ийн захирлын томилгоотой зэрэгцээд тус газрын эмч, ажилтнууд ажлаас гарах өргөдлөө өгч байна гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Энэ тухайд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ХӨСҮТ-ийн хүмүүс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Дараагийн томилгоог хийж байгаа” гэсэн тайлбар өгөөд зогсож байна. Дэлхий нийтийг сөхрүүлээд буй Ковид-19 халдварт өвчин тоглоом биш гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Тиймээс өдөрт 3000 гаруй тохиолдол, дээр нь шинэ төрлийн вирус орж ирсэн энэ эрсдэлтэй үед халдварт монголдоо ганц байдаг халдварт өвчин судлалын төв байгууллагынхаа удирдлагыг тогтвортой байлгаж, эмч, ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол ХӨСҮТ гэж хөл толгой нь олдохгүй, хүн тогтохгүй хоосон байшин болж хувирах нь.
М.Энх