...Ар араасаа хөврөх завгүй өдрүүдийн хэмнэлд хэрхэн түүртэн ядарч буйгаа, эргэн тойронд юу өрнөж, цаг хугацааны давлагааг даган өөрчлөгдөж байгаагаа бид анзаардаг бил үү? Өөрсдийгөө, хүсэл хийгээд хэрэгцээ, оюун бодол, ухамсраа анзаарах, нүүр тулах үе хэд билээ? Сэтгэл зүрх, бие, оршихуйг минь ядраах үй олон эд юмс, сэтгэл хөдлөл дунд живэх ахуйд хэн нэгэн “аврах хантааз” шидээсэй гэж хүсдэггүй гэж үү? Ийм зэрвэс бодлуудтай өдрүүдэд бодит байдлыг, үнэн төрхийг, магад харах, сонсохыг үл хүсэх нүцгэн ахуйг өмнө дэлгэх нэгэн үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийсэн нь Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Сэр-Одын Саранцацралтын “Оюун санаагаа аваръя” байлаа.
Цаасан аяга, хэрэглэсэн живх, усны сав, булган хүрэм, бас та бидний хэрэгцээг хангаад хаа нэгтээ гээгдэн мартагдсан эд зүйлс, зэргэлдээх хаалганы цаана өрнөн байдаг зүрх өвтгөм үзэгдлүүдийн дүрслэл харь атлаа танил санагдана. Бидний өдөр бүр, алхам тутамдаа хардаг, гэвч төдийлэн анзаардаггүй танил, харгис амьдралын дүрийг харуулсан бүхэл концепц бүхий есөн бүтээлийг дэлгэсэн нь энэ аж. Нэг нэгээр нь салган тавьбал олж харахгүй мэт ч, танхимд ингээд цуглуулчихвал хирдхийм зургийг бүтээх бидний хэтийдсэн хэрэглээ, хүслийн урхи, харгис төрхийг ийнхүү “дэглэхдээ” С.Саранцацралт энгийн хэрэглээний эд юмсыг (Readymade) ашигласан нь уран. Урлагийг бүтээхдээ, хүмүүсийн оюун санаанд хүрэхдээ юуг ч ашиглаж болохын баталгаа энэ байв. Ерөөс контемпорари урлаг яг одоо цагт, бидний дунд оршиж, аливааг концепцоороо илэрхийлдэгийг эндээс мөн харж болно.
Хэрэглэж үрж, хаяж бохирдуулж, хэзээ ч үл төгсөх бүхний араас хөөцөлдөн амьдрахгүйн тулд бид хэрхэх вэ? Энэ асуултын хариу ч тэнд бий. Өөрөөсөө өөрийгөө аврах, өөртэйгөө нүүр тулах, өөрийгөө ялах, заримдаа өөртөө ялагдах. Товчхондоо “оюун санаагаа аврах”. Яг л “Насанд хүрсэн” гэж тодорхойлох ч үнэндээ балчир хэвээр үлдсэн сэтгэл, оюундаа аврах хантааз өмсгөх мэт...
Монголын орчин цагийн урлагийн нэгэн содон дүрийн шинэ бүтээлүүдийг 2021 оны 9-р сарын 30-ны өдрийг хүртэл ХААН галерейд нээгдсэн “Оюун санаагаа аваръя” бие даасан үзэсгэлэнгээс тольдоорой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.