Э.Бадар-Ууган: Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Боксын холбооноос хассан талаар Монголын олимпын үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган мэдэгдэл хийлээ. Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудастаа:
“Шигшээ багийн тамирчин олимпын циклийн хугацаанд удаа дараа бэлтгэлийн дундуур архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоогдсон учир Боксын холбооны Удирдах зөвлөлийн 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпын өмнө ч боксын холбооны хурлаар Э.Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпын шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.
Боксын холбооны хурал дуусаад, хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү. Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье.
Э.Цэндбаатарыг би багаас нь мэднэ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтад багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.
Ер нь залуу хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарынхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна” гэсэн юм.