Талибанчууд Афганистаны түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлалаа
Мягмар гаригт Талибанчууд Афганистаны түр засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлажээ. Засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр тус хөдөлгөөний удирдагчдын нэг Муллах Мохаммад Хасан Ахундыг томилсон байна.
Тэрбээр 1996-2001 онд тогтож байсан Талибаны өмнөх засгийн газарт сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо АНУ-ын засаг захиргаанаас зарласан хоригт нэр нь орсон байдаг.
Ерөнхий сайдын орлогчоор Талибан хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Абдул Гани Барадар томилогджээ.
Талибан хөдөлгөөний дээд удирдагч агсан Муллах Омарын хүү Муллах Якуб батлан хамгаалахын сайд болсон бол АНУ террорист байгууллага гэж үздэг Хаккани бүлгийн толгойлогч Сиражуддин Хаккани дотоод хэргийн сайдаар томилогдсон байна.
Хаккани нь давхар Талибан хөдөлгөөний дэд тэргүүний албыг хашдаг юм.
“Танхимыг бүрдүүлэх ажил дуусаагүй, үргэлжилж байна. Бид Афганистаны бусад хэсгийн төлөөллийг засгийн газрын танхимдаа оруулахаар ажиллаж байгаа” гэж Талибаны хэвлэлийн төлөөлөгч Кабулд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Талибанчууд Афганистаныг удирдахдаа тус улсын олон үндэстний төлөөллийг оролцуулсан засгийн газар байгуулах амлалт өгч байсан юм.
Харин сайдын албан тушаалд эмэгтэй хүн томилогдохгүй нь тодорхой болжээ.
Дохад энхийн яриа хэлэлцээг ахалж байгаа Амир Хан Муттаки шинэ засгийн газрын гадаад хэргийн сайд болохоор болсон байна.
Зэвсэгт бүлэглэлээс төрийн эрх баригч болох шилжилт Талибан хөдөлгөөний хувьд том сорилт болох юм. Афганистан улс одоо эдийн засгийн болон хүмүүнлэгийн гүн хямралд ороод байгаа.
Өчигдөр нийслэл Кабулын гудамж талбайд иргэдийн эсэргүүцлийн жагсаалууд зохион байгуулагджээ. 1996-2001 онд тогтож байсан өмнөх дэглэмийн үед ийм жагсаал цуглааны талаар төсөөлөхөд хэцүү байсан юм.
Иргэд Талибаны шинэ эрх баригчдаас аюулгүй байдлын баталгаа, хилээр чөлөөтэй зорчих эрх шаардаж, дотоод хэрэгт нь хөрш Пакистанаас оролцож буйг эсэргүүцсэн байна.
Талибаны өмнөх дэглэмийг хүлээн зөвшөөрч байсан гурван улсын нэг нь Пакистан бөгөөд сүүлд 2001 онд АНУ-ын цэрэг Афганистаныг эзлэхэд Талибаны удирдагчдыг нутаг дэвсгэртээ орогнуулж байсан юм.
Пакистаны тагнуулын албаны дарга Файз Хамед өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд ирээд буцсан тухай мэдээ Афганий олон нийтийг бухимдуулаад байна. Тэрбээр өөрийн элчин сайдтай уулзах гэж ирсэн гэгдэж байгаа ч энэ үеэрээ Талибаны албаныхантай уулзсан байх магадлал өндөр юм.
Өчигдрийн жагсаал цуглааныг тараахын тулд Талибанчууд агаарт хий буудаж анхааруулга өгсөн байна. Мөн үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчдийг түр саатуулаад суллажээ.
Даваа гарагт Талибанчууд өөрийнх нь дэглэмийг эсэргүүцэгч сүүлчийн хүчийг Панжширийн хөндийд ялснаа зарласан юм. Энэ үеэр Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихуллах Мужахид “Бослого тэмцэл гаргахыг санаархсан хэнийг ч бид хатуу шийтгэнэ. Дахин бослого гаргуулахгүй” гэж мэдэгджээ.