Хархорин сумын сурагч охид өс хонзонгийн улмаас нэгнийгээ зодож, дарамталсан гэж мэдүүлжээ
Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнгөрсөн тавдугаар сарын 19-нд өсвөр насны охид нэгнээ зодсон хэрэг гарсан. Тэд өс хонзонгийн улмаас зодолдсон гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Зодоон болох үед тус сумын нэг, хоёрдугаар сургуулийн гурван охин, Улаанбаатар хотоос амралтаараа ирсэн нэг охин байжээ. Улаанбаатар хотоос ирсэн охиныг Хархорин сумын нэгдүгээр сургуулийн охин хэл амаар өмнө нь доромжилж байсан учир өшөөгөө авахаар голын ойролцоо очиж зодсон гэх мэдээлэл бий. Энэ хэргийн талаар тус сумын ... сургуулийн нийгмийн ажилтнаас тодрууллаа.
Тэрбээр “Зодуулсан охины эмээ нь хүүхэдтэйгээ ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад ямар ч гомдолгүй гэдгээ тухайн үед мэдэгдсэн. Гэтэл охины хамаатны эгч тус бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан байснаас болж, нийгэмд сөрөг мэдээлэл түгсэн. Сургууль, цагдаагийн газраас олон нийтийн сүлжээнд бичлэг оруулсан хүнд шаардлага хүргүүлж, бичлэг устгуулсан. Сумын хамтарсан баг хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөгөө заавар өгч дахин эрсдэл гаргахгүй байхыг анхааруулж ажилласан. Хоёр, гурав хоногийн өмнө тус бичлэг дахин олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хандалт авсан байна лээ. Үүнийг хэн, яагаад олон нийтийн сүлжээгээр дахин сэргээж цацсан болохыг цагдаагийн байгууллага болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтарч шалгана. Улаанбаатар хотоос ирсэн хүүхэд манай сумын зодуулсан хүүхэдтэй төрөл садны холбоогүй, нэгнээ таньдаг байсан. Зодуулсан хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Биед ямар нэгэн гэмтэлгүй, хичээлдээ явж байгаа” гэсэн юм.
Охидын зодоон болсон өдөр буюу өнгөрсөн тавдугаар сарын 19-нд тус сумын иргэн О-оос “Манай ач охиныг хүүхдүүд нийлж зодсон байна” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу хэргийг шалгахад 12 настай холбогдогч А, Х нар нь нэгнийхээ биед хүрч, зодсон байсан нь тогтоогджээ.
Хүүхдүүдийн гаргасан зөрчлийг сумын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд мэдээлж эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар баталгаа гаргуулан ажилласан байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.4 “Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн дээрх хүүхдүүдийн хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн Хүүхдийн эрхийг зөрчих хэсгийн 6.20.3.2-д “өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан” гэж заасан байдгийг иргэд, олон нийт байгууллагуудад анхааруулж байна.