Жүжигчин Жан-Поль Бельмондо таалал төгсчээ
ПАРИС. /TASS/. Францын нэрт жүжигчин Жан-Поль Бельмондо 89 насандаа Парис хот дахь гэртээ таалал төгсжээ.
Жүжигчнийг таалал төгссөн тухай түүний өмгөөлөгч Мишель Годест “Agence France-Presse” агентлагт даваа гарагт мэдээлсэн байна. "Тэрбээр сүүлийн саруудад маш их ядарсан байсан. Тэр тайван нойрссон" гэж өмгөөлөгч нь хэлжээ.
1957 онд жүжигчний замналаа эхлүүлснээс хойш Бельмондо тайз, дэлгэцийн 100 гаруй дүр бүтээсэн байна. Тэрбээр Жан-Люк Годарын "Сүүлчийн амьсгалаар" (А bout de souffle) кино 1960 онд дэлгэцнээ гарсны дараа алдаршжээ. Уг кино Францын кино урлагийн "шинэ давалгаа"-ны нэг төрлийн илэрхийлэл болсон юм. Бельмондо дараа нь Витторио Де Сикагийн "Чочара" (La ciociara) кинонд София Лорентой хамт тоглосон байна. Энэхүү кино нь “Оскар”-ын шагнал хүртсэн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг