Йоркширт хүргэсэн Монгол хөөвөр
Тансаг зэрэглэлийн брэндийн хөгжлийн хөшигний ард Монголын малчид байна. Ноолуураас гадна сарлагийн хөөврөөр ноосон утас ээрдэг брэндүүд загварын ертөнцөд хүч түрэн орж ирлээ. Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтнийг байгальд ээлтэй байхыг алхам тутамд сануулах болсон энэ цаг үед “Luxury London” сэтгүүлд “Тэнгри” эко брэндийг танилцуулжээ. Энэхүү брэндийг үүсгэн байгуулсан Нэнси Жонстон монгол орны Хангайн уулсаар 2013 онд аялсан байна. Олон улсын зах зээлийн эрэлтийг дагаж ямаан сүргийн тоо толгой өссөн нь бэлчээр талхалсныг анзаарчээ.
Загварын салбарын хэрэгцээг сарлагийн хөөврөөр орлуулах санаагаа Жонстон хэрэгжүүлсэн юм. Хөөвөр ноолууртай ижил чанартай, байгаль орчинд хохирол багатай түүхий эд. Тиймээс тэрбээр “Тэнгри” компаниа байгуулж, Монголын малчдыг Йоркшир, Савил Роу дахь Британийн гар урчуудтай холбож эхлэв. Нэнси Жонстон “Би багадаа “Монгол бол хөх тэнгэрийн орон” гэж сонсож байлаа. Их Британид буяны салбарт олон жил ажилласан.
Монгол Улсаар 2013 онд аялж, нүүдэлчин ахуйтай танилцахаар малчин айлд амьдарч үзсэн. Би нүүдэлчин ахуйг хоцрогдсон гэж төсөөлж байсан бодлоосоо ичсэн шүү. Монгол Улс тансаг зэрэглэлийн ноосон утас нийлүүлэлтээр дэлхийд хоёрт ордог. Барууны элитүүдийг хувцаслахын тулд дэлхийн уугуул иргэдийн нэг болох монголчууд бэлчээр нутгаа талхалж байна. Байгалийн өвөрмөц шинж чанартай ноолуур шиг зөөлөн, дулаан, усанд тэсвэртэй, харшил үүсгэдэггүй ноос бол хөөвөр. Өөрөөр хэлбэл, байгалийн гамшгаас эхэлсэн “Тэнгри” брэндийн зорилго бол экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэх. Би инновац, загвар, олон улсын бизнесийн төв болох Лондоны хөрөнгө оруулагчдад шинэ төрлийн тансаг утас зах зээлд гаргах брэнд байгуулах төслөө танилцуулав.
Анхны жилээ нэг тонн хөөвөр худалдаж авсан. Малчид намайг дэмжиж нэгдэл байгуулж эхлэв. Тухайн үед 140 айл байсан бол одоо 4500 өрх бүртгүүлсэн. Малчин өрхийн орлого 18 дахин нэмэгдсэн. Бид дэлхийн хамгийн сайн даавуу үйлдвэрлэдэг “Savile Row”-д зориулж утас ээрдэг байв. Лондоны гар урлалын долоо хоногт оролцож алдарт “Хантсман” үйлдвэрийн бүтээлч захирал Кэмпбелл Кэритэй уулзсан. Тэр хөөврөөр нэхсэн утсыг шалгаж үзээд нүдэндээ ч итгэж чадахгүй байв. Бид 100 хувь ил тод нийлүүлэлтийн сүлжээтэй. Цар тахал бидний ажилд төдийлөн нөлөөлөөгүй. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд загварын салбарт маш их өөрчлөлт гарсан. Хөдөө аж ахуйн салбар, ялангуяа бэлчээр нутаг уур амьсгалын өөрчлөлттэй ямар холбоотой болохыг хэн ч ярьсангүй. Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш оршин тогтнохдоо гайхалтай шинж чанар, нэмэлт, байгаль орчинд хор хөнөөлгүй даавууны шинэ төрлийг эрэлхийлдэг. Загвар харахад сайхан ч байгалийг хүндэтгэсэн байх ёстой” гэж ярьжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин