ЖЕНЕВ. /France24/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ энэ оны нэгдүгээр сард Колумби улсад анх илэрсэн коронавирусний “Му” хувилбарыг хянан ажиглаж буйгаа мэдэгджээ.
Тодруулбал, ДЭМБ “Му” буюу шинжлэх ухаанд “B.1.621” хэмээн нэрлэсэн хувилбарыг “анхааралтай ажиглах хувилбарууд”-ын ангилалд оруулсан байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, уг хувилбар вакциныг эсэргүүцэх эрсдэл ажиглагдсан бөгөөд илүү их мэдээллийг цуглуулахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай байгаа ажээ. “Му” хувилбар нь дархлаанаас зугтаж болзошгүй шинэ чанар бүхий мутациудтай болохыг уг мэдэгдэлд дурдсан байна.
Дэлхий даяар халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болоод буй энэ үед вирусний шинэ мутациуд үүсэж буйд олон нийт санаа зовниж байна. Үүнд илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалт нөлөөлж байгаа бөгөөд ялангуяа, вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд болон вирусний эсрэг арга хэмжээнүүдийг сулруулсан бүс нутгуудад ажиглагдах болоод байгаа юм.
“COVID-19” халдварыг үүсгэдэг “SARS-CoV-2” гэх мэт бүх вирус нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгддөг бөгөөд ихэнх нь мутаци нь вирусний шинж чанарт бараг юм уу огт нөлөөлдөггүй. Гэвч тодорхой мутациуд вирусний шинэ чанарт нөлөөлж, амархан халдварлах, хүндээр өвчлүүлэх, вакцин, эм болон бусад эмчилгээг эсэргүүцэх чадвартай болоход нь нөлөөлдөг байна.
Одоогийн байдлаар, ДЭМБ “COVID-19”-ийн дөрвөн хувилбарыг “анхааралдаа авах хувилбарууд”-ын ангилалд оруулаад байгаагаас “Альфа” хувилбар 193 улс оронд, “Дельта” хувилбар 170 улс оронд илрээд байна. Харин “Му” зэрэг таван хувилбарыг анхааралтай ажиглаж байгаа юм. “Му” нь Колумбид анх илэрснээсээ хойш Өмнөд Америкийн бусад орнуудад болон Европт бүртгэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг