БНАСАУ плутони үйлдвэрлэх реактораа дахин ажиллуулж эхэлсэн байж магадгүй
ВАШИНГТОН. /TASS/. БНАСАУ Йонбен дахь плутони үйлдвэрлэх цөмийн реактораа дахин ажиллуулж эхэлсэн байж магадгүй тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн (МАГАТЭ) илтгэлээс эш татан “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.
“Өнгөрөгч долоодугаар сараас хойш хөргөх усыг асгах зэрэг реактор ажиллаж байж болзошгүйг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг ажиглагдсан” гэж тус байгууллага жил тутмын илтгэлдээ дурдсан байна. Үүнээс гадна, ашигласан цөмийн түлшнээс плутони ялгах цөмийн байгууламжийн хажууд байрладаг лаборатори ажиллаж байгаа нь мөн реактор ажиллаж байгаагийн шинж тэмдэг гэнэ. Ийм үйл ажиллагаа нь БНАСАУ-д цөмийн шинэ зэвсэг үйлдвэрлэхэд тус дөхөм болно гэж МАГАТЭ-гийн мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.
Йонбён дахь реактор 2018 оны 12 дугаар сараас 2021 оны долоодугаар сарын эхэн хүртэл ажиллаагүй болохыг МАГАТЭ-гийн илтгэлд онцлон тэмдэглэжээ.
“The Wall Street Journal” сонин БНАСАУ-аас НҮБ-д суугаа байнгын төөөлөгчийн газар болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргаанаас дээрх мэдээллийн талаар тайлбар өгөхийг хүссэн боловч хариу өгөөгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг