Кабулын нисэх буудалд халдлага үйлдэх гэж байсан амиа золиослогчийг АНУ дроноор устгажээ
Афганистаны нийслэл Кабул хотноо агаарын цохилт өгч, нисэх буудалд террорист халдлага үйлдэх гэж байсан автомашинтай амиа золиослогчийг АНУ дроноор устгаж чадсан гэж Америкийн цэргийн хүчнээс мэдээлжээ.
Нисэх буудалд иргэдийг Афганистанаас гаргах үйл явц дуусах хугацаа дөхөх тусам халдлага дахин гарах магадлалтай байгааг АНУ анхааруулжээ. Гэвч эцсийн мөч хүртэл афганчуудыг Кабулаас нүүлгэн шилжүүлэх болно гэв.
Афганистан улсыг хяналтдаа авсан "Талибан" хөдөлгөөн болон АНУ-ын хооронд хийсэн тохиролцоогоор нүүлгэн шилжүүлэх үйл явц наймдугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой. Америкчуудыг явангуут Талибан нисэх буудлыг хяналтдаа авахаа мэдэгдсэн.
Бусад улс орнууд нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа дуусгасан бөгөөд АНУ хамгийн сүүлд үлдэж буй улс юм. Кабулын нисэх буудлаас 110 мянга гаруй хүнийг авч гараад байгаа талаар АНУ мэдэгдсэн.
Өчигдөр Их Британийн цэрэг эх орондоо очжээ. Их Британи улс наймдугаар сарын 14-нөөс хойш нийт 15 мянга гаруй хүнийг авч гарсан бөгөөд тэдний 2200 орчим нь хүүхэд байсан аж.
Өнгөрсөн пүрэв гарагт нисэх буудалд болсон дэлбэрэлтийн улмаас 170 хүн амиа алдсан ба тэдний 13 нь Америкийн цэрэг байсан юм. Уг халдлагыг Исламын улс бүлэглэлийн IS-K байгууллага үйлдсэн байна.