Шонхор барихаар явж байсан Сирийн иргэн автомашинтайгаа онхолджээ
Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг, Чигжийн гол гэх газарт энэ сарын 23-ны өглөө “Ланд круйзер-200” загварын автомашин онхолджээ. Улсын чанартай Улаангом-Улаанбаатар чиглэлийн А-17 дугаартай замаар дээрх автомашиныг Арабын Бүгд Найрамдах Сири Улсын иргэн 46 настай A.H гэх эр жолоодож явсан бөгөөд ослын улмаас түүний хөлийн арьс зулгарсан бол зорчигч 28 настай Х.А хэмээх залуугийн хүзүү, эгэм нь гэмтсэн гэнэ. Сирийн иргэн A.H нь шонхор барихаар Увс аймгийг зорьсон хэмээн мэдүүлж буй аж. Шалгалтын явцад түүнд манай улсын БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр Увс аймгийн нутаг дэвсгэрт шонхор шувуу барих эрх олгосон нь батлагдсан гэнэ.
Монголын үндэсний бахархалт шувуу шонхрыг Засгийн газрын тогтоолоор арабуудад барих зөвшөөрөл олгодог бөгөөд чухам хэчнээнийг барьж, экспортолдог нь нууц байдаг билээ.