Кабулын нисэх онгоцны буудалд хүчтэй дэлбэрэлт болжээ
КАБУЛ. /BBC/. Эх орноосоо дүрвэж буй олон мянган афганчууд цугласан Кабулын нисэх онгоцны буудлын ойролцоо пүрэв гарагт хоёр хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас наад зах нь 60 хүн амиа алдаж, 140 орчим хүн шархадсан гэж Кабулын Эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.
Албан ёсны эх сурвалжуудад үндэслэн Америкийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, АНУ-ын тэнгисийн явган цэргийн ангийн 11 цэрэг, цэргийн нэг эмч амиа алджээ. Пентагон 12 цэрэг амь үрэгдэж, 15 цэрэг шархадсан болохыг батлав.
Эхний дэлбэрэлт нисэх онгоцны буудлын нэг хаалганы хажууд дүрвэгсдийн дунд, хоёр дахь нь нисэх онгоцны буудлын хажууд орших “Барон” зочид буудлын ойролцоо болжээ. АНУ-ын цэргүүд уг буудлыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаандаа ашиглаж байсан байна.
Дэлхийн агентлагуудын Америкийн цэргийнхэн, орон нутгийн эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, эхний дэлбэрэлтийг амиа золиослогч онгоцны буудлын үүдэнд том суваг эсвэл шуудуунд зогсож байсан олон хүмүүсийн дунд үйлдсэн байна.
Дэлбэрэлт болсны дараа амиа золиослогч этгээдийн хамсаатан хүмүүс рүү гал нээсэн гэж нүдээр үзсэн хүмүүс хэлжээ. “Талибан” хөдөлгөөн анхны дэлбэрэлт болсны дараахан 13 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Эхний дэлбэрэлтэд наад зах нь 52 хүн шархадсан гэж “TOLO News” агентлаг “Талибан”-ы төлөөлөгч Захибулла Мужахидын мэдэгдлээс эш татан мэдээлжээ. Шархадсан хүмүүсийг авч байгаа Кабулын эмнэлэг 60 хүнийг авчирсан гэж мэдээлсэн байна.
Эдгээр халдлагын хариуцлагыг “Лалын улс” террорист бүлэглэлийн жигүүрүүдийн нэг хүлээжээ.
Кабулын нисэх онгоцны буудлаар дамжуулан иргэдээ нүүлгэн шилжүүлж буй Барууны орнууд, тэдэнтэй хамтран ажиллаж буй Афганистаны иргэд террорист халдлагын ноцтой аюул заналхийлж буйг пүрэв гарагт өдрийн турш анхааруулж, нисэх онгоцны буудалд ирэхгүй байхыг уриалж байв.
Халдлага гарсан ч холбоотнууд нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж, талибуудын засаглалын үед аюул заналхийлэх олон хүнийг Афганистанаас авч гарах ёстой гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг