Нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, гишүүддээ үйлчлэх зорилготой JCI байгууллагын Монгол дахь салбар JCI Монгол үндэсний байгууллага 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. 29 жилийн хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад 15 салбар байгууллага 1120 гишүүнтэйгээр эерэг өөрчлөлтийг түгээж буй идэвхтэй залуу иргэдийн томоохон нэгдэл болж өргөжжээ. Эдгээр залуус 2017 Улаанбаатар хотод Ази Номхон Далайн бүсийн чуулганыг зохион байгуулж дэлхийн 51 улсаас 5000 гаруй оролцож Монголд улсад 3 хоногийн дотор 10 сая ам.долларын хөрөнгө оруулж байсан түүхтэй.
JCI байгууллагын 2021 оны Ази Номхон далайн бүсийн чуулган 8 сарын 19-22-ны хооронд Тайваний Тайжунь хотоос цахим хэлбэрээр зохион байгуулагдаж Монгол улсаас 150 орчим залуус оролцсон байна. Энэ удаагийн Ази Номхон Далайн бүсийн чуулганд JCI Монгол байгууллагын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний шигшээ багийн тамирчид Япон, Австрали, Энэтхэг, Индонези зэрэг улсын залуучуудтай мэдлэг оюунаараа өрсөлдөж анх удаа Ази тивийн аварга болсон байна. Ази тивийн 79 мянган гишүүдээс шалгарч чадсан JCI Монгол байгууллагын залуучууддаа баяр хүргэе.
Мөн энэ үеэр Ази Номхон Далайн бүсийн 28 улсын 2800 гаруй салбар байгууллагын 79 мянган гишүүдээс шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагаа болсон бөгөөд JCI Монгол байгууллагын хэрэгжүүлж буй хэрэгжүүлж буй 2 төсөл хөтөлбөр шилдгээр шалгарсан юм. Мөн 2021 онд 15 жилийн ойгоо тэмдэглэж буй JCI Лидер салбар байгууллага Ази тивийн шилдгээр шалгарсан нь энэ жилийн онцлог болж чадлаа.
JCI Лидер салбар байгууллагын хэрэгжүүлдэг Positive Mind, Live+R, Хайртай хүмүүсээ хамгаалъя төслүүд хэднийнэ олны танил болжээ. 15 жилийн хугацаанд тус салбар байгууллага нийт 20 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийгэмд хийсэн байна.
JCI Лидер салбар байгууллага энэ жил бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Зам тавьж өгье” төсөл, Хүүхдийн сэтгэхүйн эрүүл мэндэд зориулсан “Ирээдүйгээс ярьж байна” төслүүдийг эхлүүлээд байна.