Талибаны цэргүүд эмэгтэйчүүдтэй харьцах тал дээр бэлтгэгдээгүй тул ажилдаа явалгүй гэртээ байхыг зөвлөжээ
Афганистан нь эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангасан зохих тогтолцоотой болох хүртэл ажил хөдөлмөр эрхэлдэг афган эмэгтэйчүүд гэртээ байх шаардлагатай хэмээн Талибан хөдөлгөөний удирдагчдын нэг Забихулла Мужахид мэдэгджээ. Тэрээр уг арга хэмжээг түр хугацаанд авч байгаа гэдгийг онцолсон байна.
Энэ талаар Забихулла Мужахид, "Манай цэргүүд эмэгтэйчүүдтэй харьцах, ярилцах тал дээр бэлтгэгдээгүй. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангах хүртэл эмэгтэйчүүдийг гэртээ байхыг хүсч байна." гэжээ.
Талибууд төрийн эрхэнд гарснаасаа хойш охид эмэгтэйчүүдийн эрхийг хүндэлж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй хэмээн мэдэгдсэн билээ. 2001 оноос өмнө Афганистаны төрийн эрхийг атгаж байх үед Афганистаны иргэд Исламын шашны хамгийн хатуу хувилбарыг мөрддөг байсан юм.
Талибан хөдөлгөөн төрийн эрхэнд гарснаас хойш тус хөдөлгөөний зүгээс хүний эрх тэр тусмаа эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, насанд хүрээгүй хүүхдүүдийг армидаа элсүүлсэн, иргэдийг цаазалсан тохиолдлууд гарч байгааг НҮБ-аас онцолж байна.
Өнгөрсөн мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Талибан хөдөлгөөний төлөөлөгчид АНУ-ын удирдаж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбоотой мэдэгдлүүд хийсэн ба АНУ афганчуудыг эх орноо орхин явахыг өөгшүүлэхээ зогсоох шаардлагатай гэжээ.
Үүнтэй холбогдуулан Талибан хөдөлгөөн афганчуудыг Кабулын нисэх онгоцны буудал руу явахыг хоригложээ. Их Британи, Франц, Герман зэрэг орнууд Афганистанаас иргэдийг татан авах ажлын хугацааг сунгах санал тавьсан ч АНУ-ын зүгээс тогтсон хугацаандаа ажиллагааг дуусгахаар зорьж байна.
Талибан хөдөлгөөний зүгээс мөн адил АНУ-ыг ажиллагаагаа хугацаандаа дуусгахыг шаардаж байгаа юм. АНУ-ын цэргүүд Кабулын олон улсын нисэх онгоцны буудлыг хяналтандаа аваад байгаа ба өнөөдрийн байдлаар 58 700 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
АНУ, Их Британи зэрэг гадаадын улс орнуудын иргэд болон эх орноосоо явах хүсэлтэй Афганистаны мянга мянган иргэд Афганистанаас явах ээлжээ хүлээн Кабулын нисэх онгоцны буудалд байрлаж байна. Энэ онд л гэхэд 550 мянга гаруй афганчууд дайн тулаанаас зугтан эх орноо орхин явжээ.
Эх сурвалж: BBC