“Талибан”-ыг эсэргүүцэгч бүлэг тулалдахад бэлэн байгаагаа илэрхийлжээ
КАБУЛ. /BBC/. Афганистан дахь “Талибан” хөдөлгөөнийг эсэргүүцэгч бүлэг тулалдахад бэлэн олон мянган хүний бүрэлдэхүүнтэй гэдгээ мэдэгджээ.
Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронтын (NRF) гадаад харилцаа хариуцсан дарга Али Назаригийн “BBC” телевизэд мэдээлснээр, тэд тайван замаар хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа ажээ. Гэвч, “энэ нь амжилт олохгүй бол бид аливаа түрэмгийллийг хүлцэхгүй” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.
Харин талибуудын хувьд Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронтын Панжшерийн хөндийн бэхлэлтийг бүсэлж, тэднийг бүслэлтэд оруулсан гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн “Талибан” нийслэл Кабул хотоос зүүн хойд зүгт оршдог мужид давшиж байгааг эсэргүүцэгч бүлгийн төлөөллүүд мэдээлжээ.
“Талибан”-ы түлхэн унагаасан Засгийн газарт дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Амрулла Салех нь Панжшерт байгаа бөгөөд талибууд хөндийн нэвтрэх хэсгийн ойролцоо хүчээ цуглуулаад байгааг “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Панжшер муж, тэр дундаа Панжшер хөндий нь 1979-1989 оны Зөвлөлт-Афганистаны дайн үеэр Зөвлөлтийн цэргүүд, 1990-ээд оны үеэр талибуудын довтолгоог амжилттай даван туулснаараа алдартай ажээ.
Одоогийн байдлаар тус муж нь Афганистаны эсэргүүцлийн баатар гэгддэг Ахмад Шах Масудын хүү Ахмад Масудын үндэсний эсэргүүцлийн фронтын хяналтад хэвээр байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг