Афганистаны асуудлаар ОХУ, БНХАУ-тай хамтран ажиллахаар төлөвлөж байна
Барууны орнууд Афганистанд хүмүүнлэгийн хямрал нүүрлэхээс урьдчилан сэргийлэх, бүс нутгийн терроризмтой тэмцэхийн тулд Орос, Хятад, Энэтхэг улсуудтай хамтран ажиллах ёстой гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “The Sunday Telegraph” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
“Бид хэчнээн аягүй байсан ч Афганистаны асуудлаарх хэлэлцээнд ОХУ, Хятад зэрэг нөхцөл байдлыг илбэн тохинуулахад нөлөөлж магадгүй улс орнуудыг оролцуулах гэж байна. Их Британи энэ долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг санаачилж, Афганистаны асуудлаар холбоо барих бүлэг байгуулах төлөвлөгөөтэй байна. Хэрэв бид “Талибан” хөдөлгөөнийг зөөлрүүлэхэд дээд зэргээр нөлөөлөхийг хүсэж байвал терроризм, дүрвэгсдийн талаар санаа зовж буй Энэтхэг, Пакистан, Хятад болон бусад улс оронтой хамтран ажиллах хэрэгтэй” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэжээ.
Түүний хэлснээр, Афганистаны асуудлаар олон улсын холбоо тогтоох бүлэг байгуулснаар “талибуудад илүү хүчтэй нөлөөлж, тэдэнд ерөнхий санаагаа илүү сайн хүргэх" боломжтой болно. Их Британийн энэхүү санаачилгыг наймдугаар сарын 19 -нд цахим хэлбэрээр зохион байгуулсан “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар нааштай хүлээж авсныг Рааб нэмж дурдсан байна.
Эх сурвалж: Монцамэ