Израил Газын зурваст цохилт өгчээ
Бямба гаргийн орой Израил, Газын зурвасыг тусгаарлах хашааны дэргэд болсон үймээний хариуд Израилын Агаарын цэргийн хүчин /АЦХ/ Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн дөрвөн объектод цохилт өгчээ.
“Эмх замбараагүй байдлын үеэр Газын зурвасаас гал нээсний улмаас Израилын хилийн дөрвөн цэрэг шархадсан. Үүний хариуд Израилын Батлан хамгаалах армийн сөнөөгч онгоцнууд ХАМАС бүлэглэлийн зэвсгийн үйлдвэр, агуулах зэрэг дөрвөн объектод цохилт өглөө” гэж тус улсын арми мэдээлсэн байна.
Үүнээс гадна, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа Газын зурвасын дивизийг нэмэлт ангиар бэхжүүлэхээр шийдсэн гэж мэдээлжээ.
Израилын цэргийнхний мэдээлснээр, бямба гаргийн орой Газын зурваст үймээн дэгдээсэн хүмүүс Израилтай залгаа хилийн тусгаарлах хашааг эвдлэхийг оролдож, Израилын цэргүүд рүү тэсрэх бөмбөг шидсэний хариуд Израилын цэргүүд гал нээсэн байна.
Газын зурваст болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Израилын хилчин хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэж Израилын хилийн цагдаагийн газрын хэвлэлийн алба урьд нь мэдээлжээ.
Бямба гарагт палестинчууд Аль-Акса сүмд гал гарснаас хойш 52 жил өнгөрснийг тохиолдуулан, мөн Израил улс Палестины газар нутгийг эзлэн авсныг эсэргүүцэн Газын зурвасын хил дээр жагсаал хийжээ. Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Израилын цэргүүд гал нээх үеэр Газын зурвасын 40 гаруй оршин суугч шархадсан байна. Эмх замбараагүй байдал гурван цаг гаруй үргэлжилжээ.
Эх сурвалж: Монцамэ