Нутгийн зөвлөл, цар тахлын "давхар стандарт" гэж мэдэхгүй Моллай гомдох нь аргагүй...
Монгол Улсын иргэн, олимпийн наадмын мөнгөн медальт Саиед Моллай Монгол Улсын Засгийн газар өөрийг нь хүлээн авч уулзан, урамшуулаагүй атлаа УИХ-ын дарга нь бусад тамирчдыг хүлээн авч, орон сууц олгосон зэрэгт гомдож буйгаа хэвлэлээр илэрхийлсэн билээ.
Энэ талаар Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны дарга Ц.Шаравжамц тайлбар өгч, "Бид хоорондоо ойлголцож чадаагүйн улмаас бага зэрэг үл ойлголцол гарах шиг боллоо. Засгийн Газрын 8-р сарын 4-ний хуралдаанаар олимпын наадмаас медаль авсан тамирчдаа байраар урамшуулах шийдвэр гаргасан. Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг,сар бүрийн урамшуулал гурван сая төгрөг олгоно.
8-р сарын 25-ны өглөө 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч тамирчдыг хүлээн авч уулзан, Саиед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол гардуулна. Мөн өдрийн 12:30 цагт Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг олгохоор товлосон байгаа. Ингэж удсан шалтгаан нь “Токио 2020” наадмын сүүлчийн баг бүрэлдэхүүн наймдугаар сарын 11-нд Японоос ирсэн. Тэд УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу 14 хоногийн гэр хорионд байгаа. Эдгээр хүмүүсийн 14 хоног энэ сарын 25-нд дуусна." хэмээсэн юм.
Ингэснээр Саиед Моллай л тэвчээргүй аашилсан, түргэдсэн гэх ойлголт төрүүлэхийг хичээсэн бололтой.
Гэвч бодит байдал дээр юун 8-р сарын 25-нд гэр хорионы хугацаа дуусах. УИХ-ын дарга нь өөрөө Саиед Моллайгаас бусад тамирчдыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэн, орон сууц бэлэглэн, түүнийгээ нийгмийн сүлжээгээр сурталчилсан билээ.
Үүнийгээ Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн хүрээнд хийж буй ажил гэх.
Энэ бүх хорио цээрийн хугацаа нь дуусаагүй гэх атлаа УИХ-ын дарга нь өөрөө түүнийгээ зөрчдөг, төрийн албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээ болоогүй байхад нутгийн зөвлөл гэгч нь урьтаад зарим тамирчидтайгаа уулзаж, бэлэг сэлт өгчихдөг, тэр үйл ажиллагааг нь төрийн өндөр албан тушаалтан нь өөрөө зохион байгуулчихдаг гэх мэт нэн ойлгомжгүй үйлдлүүд гадны ямар ч хүнийг гайхшруулж, элдэв бодол төрүүлэх нь аргагүй.
Юутай ч Монгол Улсын иргэн Саиед Моллай Монголд аливаа хууль тогтоомж, дүрэм журам иргэдэд нэг өөрөөр, дарга нарт нэг өөрөөр үйлчилдэг, төрийн байгууллагаас илүү эрх дархтай нутгийн зөвлөл гэгч хачирхалтай байгууллага манай улсад байдаг гэдэг хоёр "хичээлд суралцлаа".
С.Сонин