АТГ-ынхан уржигдар ХӨСҮТ-д шалгалт хийж Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг цагдан хорьжээ. Түүнийг дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед PCR болон түргэвчилсэн шинжилгээний төхөөрөмж, хэрэгсэл шууд худалдан авах гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, удирдлагатай нь хуйвалдсан. Улмаар зах зээлийн үнээс өндөр төлбөртэйгөөр авч, тухайн компаниудын удирдлагаас их хэмжээний хахууль хүртсэн үйлдэлд буруутгасан гэнэ.
ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяагийн болон хамаарал бүхий хүмүүсийн гэрт нэгжлэг хийж 150 сая төгрөг хураажээ. Цар тахлын хүнд хэцүү үед эрүүл энхийн манаанд зогсож байгаа тангараг өргөсөн эмч нар дундаас албан тушаалаа ашиглан хахууль авсныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүллээ. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, албан тушаалаа урвуулдаг хүмүүстэй Засгийн газар, АТГ хамтран байгуулсан Авлигын эсрэг комиссынхон нам харгалзахгүй тэмцэж буй нь сүүлийн өдрүүдэд эрчимтэй харагдах болов.