Б.Цэрэннадмид: ЭЕШ-д ковидын шалтгаанаар хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс ирэх сард шалгалт авна
Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас ЭЕШ-ын талаар тодрууллаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхлэх гэж байна. Шалгуулагчдад шалгалттай холбоотой анхааруулга зөвлөмж өгөхгүй юү?
-2021 оны элсэлтийн ерөнхийшалгалт энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Шалгалтад ажиллах 9250 багш, албан хаагчдад “Элсэлтийн ерөнхийшалгалтын зохион байгуулалт”-ын талаар зөвлөгөө мэдээллийг цахим болон танхимаар өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллалаа. Цар тахалтайхолбоотойгоор элсэлтийн ерөнхийшалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна. Түүнчлэн 1.5-2.0 метрийн зайтай12-15 сурагч суухаар шалгалтын анги, танхимыг бэлтгэсэн. Шалгуулагчид шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу хамрагдана. Ингэхдээ өөрийгөө болон бусдыгаа эрсдэлээс хамгаалж зайгаа барьж, амны хаалтаа зүүх хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ жил улсын хэмжээнд шалгалтын хугацаа хойшлогдсон. Үүнээс улбаалан шалгалтын төвүүд нэмэгдэж суудлын хуваарь шинэчлэгдсэн. Шалгалтад орох хүүхдүүд өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод суудлын хуваариа шинээр татан хэвлэж авах хэрэгтэй. Шалгалтад ирэхдээ заавал шинэчилсэн суудлын хуваариа авчирна.
-Шалгалтад оруулахдаа анги, танхимын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Шалгуулагчдын суудлын хуваарь дээр шалгалтын цаг, танхим болоод орох хэсгийг зааж өгсөн. Шалгуулагч тухайн суудлын хуваарьт заасан хугацаанд шалгалтын төвд ирээд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө ангид суудлаа эзэлсэн байх ёстой. Шалгалтын төв болгон дээр хүүхдүүдийн орох хэсгийг гурван чиглэлээр зааж өгсөн байгаа. Тиймээс суудлын хуваарийн дагуу заасан хэсгээр бөөгнөрөл үүсгэхгүйгээр оруулахаар бэлдсэн. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхэд хоолой өвдсөн, халуурсан байдаг ч юмуу ямар нэгэн шинж тэмдэгтэй байвал тухайн хүүхдийг тусгай ангид оруулан шалгалтыг зохион байгуулна. Түүнчлэн шалгуулагчаас тусгай хамгаалалтын хувцастай багш нар шалгалт авах юм. Улмаар шалгалт дуусмагц эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгнө. Бид ковид туссан үгүйг нь шууд мэдэхгүй учраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах болно. Эрүүл мэндийн байгууллага шинжилгээ авах зэрэг дараагийн шатны арга хэмжээг авах болно.
-Шалгалтын үеэр ковидын халдвартай байсан хүүхдүүдээс есдүгээр сард шалгалт авна гэсэн. Бусад шалтгаанаар шалгалтад орох боломжгүй хүүхдүүд есдүгээр сард шалгалт өгөх боломжтой юу?
-Үгүй. Есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зөвхөн ковидын шалтгаанаар энэ удаагийн шалгалтад хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс ЭЕШ авна. Тодруулбал, шалгалтын үеэр буюу энэ сарын 19-22-ны өдрүүдэд коронавирусийн халдвар тусаад эмнэлэгт болон гэрийн тусгаарлалтад байгаа хүүхдүүдээс есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд элсэлтийн шалгалтыг авах ажлыг зохион байгуулна. Цагаасаа хоцорсон байдаг юм ч юмуу бусад шалтгааны улмаас энэ удаагийн шалгалтад хоцорсон хүүхдүүд есдүгээр сарын 2-5-ны хооронд болох шалгалтад хамрагдах боломжгүй.
-Ковидоос шалтгаалсан хүүхдүүдийн мэдээллийг хэрхэн нэгтгэж гаргах вэ?
-ЭМЯ-тай хамтран ковидын батлагдсан тохиолдлын мэдээлэлд тулгуурлан ЭЕШ-д оролцоогүй хичнээн хүүхэд байгааг шалгалтын маргааш буюу энэ сарын 23-нд нэгтгээд есдүгээр сард шалгалтыг зохион байгуулна гэсэн үг.
-Шалгалтад ирэхдээ заавал авчрах дөрвөн бичиг баримтыг дахин нэг сануулахгүй юу. Мартах тохиолдол их гардаг шүү дээ?
-Шалгуулагчид иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, Бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн дөрвөн бичиг баримтыг зайлшгүй авчрах ёстой. Тиймээс шалгалтын өдөр бичиг баримтаа дахин нягталж гэрээсээ гарахыг хүсье. Хэдийгээр олон дахин сануулдаг ч жил бүр бичиг баримтаа мартах тохиолдол багагүй гардаг учраас онцгойлон анхааруулаад байгаа юм шүү. Үүнийг эцэг эх, асран хамгаалагчид ч гэсэн анхаарч хүүхдүүддээ анхаарал санаа тавиарай. Мөн хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй. Хүүхдийн тань ирээдүй шийдвэрлэгдэхэд ганцхан хоног үлдлээ шүү дээ.
-Тэгвэл шалгалтын үеэр юуг хориглох вэ?
-Ном дэвтэр, бал, цаас, томьёоны хураангуй, цаг, гар утас зэрэг ямар нэгэн эд зүйлсийг шалгалтад авч орохыг хориглосон байгаа. Шалгалтад ашиглах бал, харандаа, үзүүрлэгчийг шалгалтын танхимд урьдчилан бэлдсэн байх болно.
-Одоогоор хичнээн хүүхэд халдвартай байгаа вэ?
-Энэхүү мэдээллийг ЭМЯ-тай хамтран энэ сарын 23-нд нэгтгэж гаргана.