Хоёроос дээш байр, машин, 200-гаас дээш малтай иргэдийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна
Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд халамж авч буй иргэдийн мэдээллийг нягтлан, хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 1435 өрхийн 8475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах иргэдийн жагсаалтаас хасчээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа :
Бид хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журмаа шинэчилсэн. Өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд үндэслэж, уг журмын дагуу хүнс, тэжээлийн дэмжлэг олгож байсан. Хүнс, тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар зөвхөн энэ судалгааг үндэслэхгүйгээр төр өөрт байгаа мэдээллийг ашигладаг болсон. Ингэснээр амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон.
Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 8475 иргэнийг хаслаа. Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай, мөн нөхцөлтэй болж байгаа. Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналтаа сайжруулна. Мөн цаашид жилд хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна" хэмээн бичсэн байна.
Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зөвхөн гэрээт дэлгүүрээр үзүүлдэг байсныг болиулж, нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгох зорилгоор НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг хүнсний дэлгүүр, зах, бөөний төвүүдэд боломж нээсэн аж. Тиймээс хүнсний дэлгүүр, аж ахуйн нэгж болон зах, бөөний төвд худалдаа эрхлэгчдийг тус үйлчилгээг үзүүлж, энэхүү шинэчлэлийн ажилд хамтран оролцохыг ХНХЯ-наас уриалжээ.