Монгол Улсын Тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн эрхийнхээ сүүл үед Монголын томоохон бизнес эрхлэгчид, төрийн өмчит компаний удирдлагууд буюу чадварлаг менежерүүдэд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол олгосон билээ.
Тодруулбал "Макс" группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, "Жигүүр Гранд" группийн Ерөнхийлөгч Д.Баттөр, "Монос" Группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, "Тавантолгойн Төмөр Зам" компаний Гүйцэтгэх Захирал Н.Удаанжаргал, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарт Хөдөлмөрийн баатар цол олгосон юм.
Энэ нь нэг талаас Монголын нийгмийн хамгийн чухал ачааг үүрч яваа хувийн хэвшлийнхэн, бизнесмэнүүдийн гавьяа зүтгэлийг үнэлсэн хэрэг.
Нөгөө талаар "Төр бол муу менежер" гэх хуучирсан хэлцийг үгүйсгэсэн, төрийн өмчит байгууллагыг ч үр ашигтай удирдаж буй шилдэг менежрүүдээ урамшуулсан явдал болов уу?
Н.Удаанжаргал, Т.Мөнхбаяр нарт Хөдөлмөрийн баатар цол олгох үест дараагийнх нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн гэх яриа дэгдсэн.
Төдөлгүй мөн Х.Бадамсүрэн МАН-ын гишүүн тул Ерөнхийлөгч Х.Баттулга цолыг нь олгохгүй байгаа юм байна, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод түүнийг хөдөлмөрийн баатар болгоно гэсэн таамаглал гарсан юм.
Үнэхээр ч Х.Бадамсүрэнг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатарт дэвшүүлсэн тодорхойлолт зохих газраа хэдийн очсон байжээ.
Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Х.Бадамсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар бус "Эрдэнэт үйлдвэр"-т Монгол Улсын Баатар цол олгосон билээ.
Учир нь Х.Бадамсүрэн өнгөрсөн жилүүдэд "Эрдэнэт" үйлдвэрийг удирдаж байсан эрхэмүүдээс хамийн их хэл ам таталж, хувийн эрх ашигтай холбоотой дуулианд холбогдож байсан нэгэн юм.
Зөвхөн сүүлийн жилүүдэд гэхэд л охиныхоо сургалтын төлбөрийг төлүүлсэн, Хятадын компаниуд тендер, тус үйлдвэрийн тендер хариуцаж байсан албан тушаалтнууд нь АТГ-т шалгагдсан гээд л хөвөрч өгнө.
Иймээс ч түүнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол олгох нь зохимжгүй гэж үзсэн тухай эх сурвалж өгүүлж байна.
Нөгөөтэйгүүр угаасаа "Эрдэнэт үйлдвэр" сүүлийн жилүүдэд ихээхэн үр ашигтай ажиллаж, цар тахлын үед иргэдийн нуруун дээрх санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх болсон амжилт нь Х.Бадамсүрэнгийн менежмэнт гэхээсээ илүүтэй тус үйлдвэрийн ажилсаг хамт олон+У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын лидерүүдийн "49 хувийнхан"-тай хийсэн тэмцэл, тус үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан зоримог улс төрийн шийдэлтэй холбоотой билээ.
С.Сарнай