Хаитид хүчтэй газар хөдөлсний улмаас олон зуун хүн амиа алджээ
Хаити улсын баруун өмнөд нутагт бямба гарагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, барилгууд нурсны улмаас 304 хүн амиа алдаж, 1800 орчим хүн гэмтжээ.
“Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сүйдсэн суурингууд, ачаалал нь хэтэрсэн эмнэлгүүд рүү яаралтай тусламж илгээхээр ажиллаж байна” гэж Ерөнхий сайд Ариэль Хенри мэдэгджээ.
Газар хөдлөлтийн голомт нийслэл Порт-О-Пренс хотоос баруун зүгт 125 орчим километр зайд байсан гэж АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлсэн байна.
Хаитийн Иргэний хамгаалалын агентлагаас мэдээлснээр, амиа алдсан хүний тоо 304-т хүрсний дийлэнх нь нутгийн өмнөд хэсэгт бүртгэгджээ. Мөн аврах албаны ажилтнууд, сайн дураар тусалж буй хүмүүс нурингинд дарагдсан хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Уг агентлагийн мэдээлснээр, гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсээр байгаа аж.
А.Хенри улсын хэмжээнд нэг сарын хугацаатай онцгой байдал зарласан бөгөөд хохирлын хэмжээг тодорхойлох хүртэл олон улсын тусламж хүсэхгүй гэдгээ мэдэгджээ. Түүний хэлснээр, суурингууд бараг бүхэлдээ нурсан байна. Засгийн газрын хувьд холбогдох төлөвлөгөө, хариу арга хэмжээг боловсруулахаар ажиллаж байна.
“Нурангинд дарагдсан бүх хүнийг аврах нь эн тэргүүний асуудал юм. Орон нутгийн эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн талаарх мэдээлэл бидэнд ирсэн. Үүнтэй холбоотойгоор Олон улсын Улаан загалмай нийгэмлэг болон байгалийн гамшигт нэрвэгдээгүй бүс нутгийн эмнэлгүүд гэмтсэн хүмүүст тусламж үзүүлж байна” гэж А.Хенри мэдэгджээ.
“Хэрэгцээ шаардлагатай зүйлс асар их байна. Тухайлбал, гэмтэж бэртсэн хүмүүсийг асрахаас эхлээд хоол хүнс, тусламж, түр хоргодох байраар хангаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Эх сурвалж: Монцамэ.мн