Хичээлийн шинэ жил тун удахгүй эхэлнэ. Энэ хичээлийн жилд сурагчид тав хоног цахимаар тав хоног танхимаар хичээллэх юм. Хичээлийн шинэ жилтэй холбоотой мэдээллийг багцлан хүргэе.
Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах тооцоо бий.
ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь нэг хүүхдэд 900 төгрөгийн үдийн цай олгогддог байсан бол энэ жилээс 1500 болгон нэмсэн. 2021 оны хичээлийн жилд 1-5-р ангийн сурагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах бол 2022 оноос 5-9-р ангийн сурагчид, 2023 оноос 9-12-р ангийнхныг хамруулахаар ажиллаж байгаа аж.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТ НАЙМДУГААР САРЫН 16-НЫ 09:00 ЦАГААС ЭХЛЭНЭ
Сургууль, цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас эхлэн parent.edu.mn сайтаар явагдана. Ийнхүү наймдугаар сарын 16-30-ны өдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилах бөгөөд 26-наас хуваарилсан бүлгийн мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх юм. Сургуулийн өмнөх боловсролын хувьд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авах бол 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарна.
ТУРШИЛТААР НИЙСЛЭЛИЙН 30 ЦЭЦЭРЛЭГТ ЭЭЛЖИЙН БАГШ АЖИЛЛУУЛЖ, ЦАГИЙН ХУВААРИЙГ УРТАСГАНА
Цэцэрлэгт ээлжийн багш нар ажиллахаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлсэн. Энэ хичээлийн жилд эхний ээлжид зургаан дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулах юм байна.
Ингэснээр цэцэрлэг 07:30-20:00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана.
Дашрамд дурдахад, цэцэрлэгийн танхимын сургалт есдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн цэцэрлэгт таван настай хүүхдийг бүрэн хамруулах бол дөрвөн настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулах юм. Харин 2-3 настай хүүхдийг халдварын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн үе шаттай хамруулна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд байгаа 77185 таван настныг цэцэрлэгт бүрэн хамруулна гэсэн үг. Тухайн цэцэрлэгт халдвар гарвал 14 хоног зайн сургалт руу шилжих юм.
Эх сурвалж: Өдрийн сонин