Сахараа бууруул, үндэсний үйлдвэрлэгчид ээ...
Хүнсний салбарын үндэсний үйлдвэрлэгчид яагаад бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ сахараа бууруулж болдоггүй юм бэ?! Импортын бүтээгдэхүүнийг бодвол өөрсдөө тохируулаад сахараа бууруулах бүрэн боломжтой шүү дээ.
Үндэсний үйлдвэрийнх гэх тодотголтой ундаа, цай, тараг, иогурт зэрэг нь 100мл-тээ дунджаар 6.5-11гр сахар агуулна. 500мл савалгаатай гэж тооцвол 32.5-55гр сахар агуулна. Үүнийг ёотонгоор зүйрлэвэл нэг сав үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн дэх 8-14 ширхэг ёотонг уусгасан хэлбэрээр бид хэрэглэж байна гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг сав дахь сахарын тооцоо. Харин 1 сард дээрх бүтээгдэхүүнээс хувь хүн, гэр бүл хэдэн ширхэгийг хэрэглэдэг болохыг та бүхэн өөрсдөө тооцоод үзээрэй. Сахаранд хүний тархи донтдог мөн таргалалтын үндсэн шалтгаан болдог гэдгийн санах хэрэгтэй. Тэд ашгаа бодож сахараа нэмдэг бол бид эрүүл мэндээ бодож шаардлага тавьдаг байх хэрэгтэй.
Үндэсний үйлдвэрлэгчидээ САХАРАА БУУРУУЛ!
Нэмж хэлэхэд иогурт, жүүсний нектар, кетчуп, батончик зэрэг чихэрлэг бүтээгдэхүүний үндсэн орц нь фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн сироп (High Fructose Corn Syrup) юм. Энэ нь чихэрлэг амт гаргах бөгөөд элгэн очиж хоргүйждэг. Ингэхдээ архи (этанол) элгээр дамжиж хоргүйждэгтэй яг адил механизмаар хоргүйждэг юм. Иймд дэлхий нийтэд бага насны хүүхдүүдийн дунд архины бус шалтгаант элэгний өөхжилт нэмэгдэх болсон билээ. Элэгний өөхжилт нь элэгний хатууралд шилжинэ. Элэгний хатуурал нь элэгний хорт хавдрын урьдал үе болдог. Иймд хэрэглэх гэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээ сайтар судалж, шошгыг нь уншиж сонголтоо хийж байгаарай.
Цахим эмч