"Үрээ 7 нас хүртэл тэвэрч бай"
Үнсэх, тэврэхийн учир жанцанг хуваалцая. Үрээ 7 нас хүртэл үргэлж тэвэрч бай. Тэвэрч эрхлүүлж, тэвэрч хайрлаж, тэвэрч энэрэх, тэвэрч тоглох, тэвэрч учирлах, тэвэрч зэмлэх хэрэгтэй.
7 наснаас аажим аажим тэврэлтийн зайг холдуулж том болох , бие даах гэдгийг мэдрүүлж эхлэх нь зөв. 7 наснаас хойш зэмлэхдээ өвдөг дээр сууж үрийнхээ нүдрүү харж нэг хэмд очиж байж учирлан зэмлэх.
7 хүртэл насны хүүхдийг хэзээ ч дээд харцнаас доош зэм өгдөггүй. Доороос дээш зэм өгч учирладаг гэнэ. Энэ нь тухайн хүүхдийг удирдагч болгоход бэлдэж байгаа арга.
Ялангуяа хөвүүн үрс том болоод өрхийг цаашлаад нутаг хошуугаа цаашлаад улсаа удирдана гэж эртнээс амьдралд бэлддэг өвгөдийн минь гүн ухаан байжээ.
Үнсэх нь бас л агуу учиртай. Нэг талаараа хайрлаж байгаа боловч нөгөө талаараа эрүүл мэндийг нь тандаж байдаг ардын ухаан. Хүүхдийг хэзээ ч хошуу амны ойр сорж, шүлсдэж үнсэхийг цээрлэнэ.
Монголчууд үрсээ ихэвчлэн үнэрлэнэ. Зулайнаас үнэрлэнэ. Ингэхдээ зулайг хэвийн байгаа эсэхийг шалгаж байх. Халуун бамбалзсан эсэх. Гар буюу алгыг үнэрлэнэ.
Хэрэв үнэр нь иссэн эхүүн маягтай байвал гэдэс ходоод эвгүйрхсэн гэнэ. Хөлийн ул үнэрлэнэ. Мөн л үнэр эхүүн хөлс чийг ихтэй байвал үе мөч бөөр өвдсөн байх магадлалтай. Хүүхэд бүр өөрийн үнэртэй. Хэрэв үнэр гарахгүй бол ядарсан сулдьсан эсвэл тархи толгой доргисны шинж гэж.
Бидний өвөг дээдэс мөн агуу ажигч гярхай шинжлэх ухаанч амьдралын боловсролтой хүмүүс байжээ.
Хайрлана гэж шүлсдэж үнсэх төдийн нэр биш ажээ. Ажиглаж, үнэрлэж, тэвэрч, тэтгэж, хамт байж хамт оршихын нэр ажээ.
"Үрийг хүмүүжүүлэх судар"-аас