Улаанбаатарт 451, орон нутагт 950 тохиолдол шинээр илэрч, нэг хүн нас барлаа
Коронавирусийн халдвараар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,402 хүн шинээр өвчилжээ. Үүнээс Улаанбаатар хотод 451, орон нутагт 950 тохиолдол батлагдсан байна.
Мөн улсын хэмжээнд COVID-19-ийн халдвараар нэг иргэн хүн нас барсан байна. Өнгөрсөн хоногт 1,679 хүн эдгэжээ.
Өнөөдрийн байдлаар 1,334 хүүхэд, 195 жирэмсэн эмэгтэй коронавирусийн улмаас эмчлүүлж байгааг ЭМЯ мэдээллээ.
Аймгуудаас халдвар хамгийн өндөр байгаа нь Баян-Өлгий, Дархан-Уул аймаг хэвээр байна. Баян-Өлгийд 222 хүн шинээр өвчилнөөр тус аймгийн халдварын батлагдсан тохиолдол 4,999 болсон. Иймд тус аймаг маргаашнаас буюу наймдугаар сарын 15-наас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэр гаргаад буй.
Дархан-Уул аймгийн тухайд 159 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 6,222 боллоо. Харин Өвөрхангай аймагт нэмж хүн өвчлөөгүй байна.
Орон нутагт халдварын тоо нэмэгдсэн нь аймгуудын удирдлагуудтай холбоотой болохыг ЭМЯ өчигдөр мэдээлсэн. Ялангуяа, бүсийн наадам зохион байгуулж байгаа аймгуудад халдвар эрчимжиж, хүүхдүүд эрсдэлд орж байгааг хэлсэн.
Бүсийн наадам зохион байгуулсан Ховд аймагт л гэхэд өнгөрсөн 24 цагт 111 хүн шинээр өвчилж, нийт батлагдсан тохиолдол нь 3,071 болоод байна.