Өөрийгөө хаясан эмэгтэй
Амьдрал хэдий хэцүү байсан ч эмэгтэй хүн өөрийгөө бүү хаяарай. Өөрийн амьдралын боломж, санхүүдаа тааруулан өөрийгөө арчилж, суралцаж, хэмнэж, уншиж судалж, байнга л өөртөө анхаарал тавьж байгаарай.
Завтай болохоороо, мөнгөтэй болохоороо, хүүхдээ өсөхөөр гэж бүү хойшлуулаарай. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Өөртөө анхаарал тавих чинь жижигхэн зүйлээс эхлэнэ. Одоо ч нэг үеэ бодвол цаг сайхан болжээ. Гэрээсээ л бид олон зүйлд суралцах боломж нь бас их байна.
Эмэгтэй хүн өөртөө санаа тавихыг зөвхөн гадна гоо үзэмжиндээ, эсвэл үргэлж суралцаад, цагийг хаа нэгтээ сайхан өнгөрүүлээд хайрлаад болдог гэж бүү эндүү бодоорой. Дотроо сайхан хүн гаднаа зөв байдаг.
Өөрийгөө хайрладаг эмэгтэй бусдын хэрэгт ордоггүй.
Өөрийгөө олсон эмэгтэй өөртөө сонирхолтой, аз жаргалтай амьдардаг.
Ажил хийж, хамт олон дунд байдаг эмэгтэй нөхрийн хэрэгт оролцдоггүй.
Өөрийгөө хайрладаг эмэгтэйг нөхөр нь хайрладаг.
Өөртөө итгэлтэй эмэгтэй нөхрийн харцыг хүртэл харамлахаа больчихдог юм.
Өөрийгөө гооддог эмэгтэй бусад эмэгтэйн гоо сайхныг магтан дуулдаг болдог юм.
Өөртөө санаа тавих хамгийн нэгэн анхаарууштай зүйл нь эмэгтэй хүний дотоод сэтгэл зүйн асуудал юм. Сэтгэл зүйн болон зууралдсан асуудалтай бол хэзээ ч өөртөө сайхан байж чадахгүй. Тиймээс тэр асуудлыг шийдэх хэрэгтэй. Уурын асуудал байвал, стресстэй байвал, ганцаардаад байвал, амжилтгүй байвал. Эрэл хайгуул хийгээрэй, асар их боломж нөөц өөрт чинь бий.
Ийм асуудалтай эмэгтэйчүүд өөрийгөө хаячихдаг. Асуудал нь хэтэрхий том харагдаж, хэзээ ч салж чадахгүй юм шиг сөрөг тойрогт орчихдог. Хамгийн хэцүү нь бусдыгаа өөр шигээ сөргөөр хардаг болдог. Хүүхэд нь бусдын хүүхдээс дутаад байгаа юм шиг, нөхөр нь өөр эмэгтэйчүүдтэй уулзаад өөрийг нь тоохгүй байгаа юм шиг, өөр бусад эмэгтэйг дэндүү ихээр үзэн яддаг.
Өөртөө итгэлгүй эмэгтэй нөхрийнхөө харцыг хүртэл харамлаж, харддаг, нөхрөө байнга сэтгэл зүйн хувьд сорон мөлжиж байдаг. Хүүхдээ өөрийн сэтгэл хөдлөлдөө тааруулан эвдэж байдаг. Өөртөө итгэлгүй эмэгтэй үзэсгэлэнтэй эмэгтэйг үзэн яддаг. Түүнийг л аальгүй, явдалтай гэж хардаг. Түүний амжилтыг хөнгөн байдлаар олсон гэж өөртөө итгүүлдэг.
Үзэсгэлэнтэй эмэгтэйд үсээ янзалж, өөрийгөө гоодох чинь хөдөлмөр байдаг юм. Өөрийгөө эрүүл чийрэг авч явна гэдэг чинь дуртай зүйлээсээ татгалзах тэвчээр байдаг юм. Түүнд хүний нөхөр хараад явж байх зав, сонирхол байдаггүй юм. Яагаад гэвэл аз жаргал нь түүний сэтгэлд нь байдаг. Ийм эмэгтэйчүүд гэрэлтдэг юм. Аз хүртэл түүн лүү өөрөө ирдэг юм. Хамгийн чухал нь дотоод асуудал багатай эмэгтэй чинь л үзэсгэлэнтэй эмэгтэй юм.
Та өөрийгөө ойлгоод, сайхан болоод гэрэлтээд ирвэл нөхөр чинь хүртэл баярлана. Учир нь анх харсан тэр л сайхан дүрийг чинь л нэхээд байгаа юм.
Сэтгэл зүйн асуудлаа ойлгоод, шийдвэл амьдрал их энгийн байсныг ухаарна.
Бусдын хамаарлаас гарч, бусдын байгаагаар нь хүлээвэл та ямар амар байдаг гэдгийг ойлгоно.
Сэтгэлийн амар тайван гэдэг ямар чухал гэдгийг мэдчихвэл асуудал байдаг гэдгийг сайн мэддэг, тайван хүлээж авдаг.
Өөрийгөө хайрлана гэдэг чинь дотоод мөн чанарыг хэлээд байгаа юм, яг үнэндээ. Энэ л чанарыг олчихвол нөхөр лүүгээ хашгирахгүй, мэрэхгүй, гүтгэхгүй, хардахгүй.
Өөрийгөө хайрладаг эмэгтэйг алдчихна гээд эр хүн хүртэл гэрээсээ холдож чадахаа байдаг юм. Өөрийгөө бусадтай бүү харьцуулаарай. Та чинь энэ дэлхийд цор ганц бүтээгдсэн Гоо үзэсгэлэн шүү дээ. Юу юунаас илүүтэй, өөртөө л таалагдаарай.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ