Орчин цагт терроризм, хүн барьцаалах гэмт хэрэг улам бүр хүчээ авч хөгжингүй орнуудад ч энэ төрлийн хэрэг зөрчил ихсэж байна. Үүний эсрэг үйл ажиллагааг явуулдаг ганц салбар нь тусгай хүчнийхэн гэж ойлгож болно. Сэтгэл зүй, бие бялдрын өндөр бэлтгэлжилтээс гадна ямар ч хүнд нөхцөлөөс өөрийгөө болон бусдын амийг авран хамгаалах нь тэднийг илтгэн харуулах гол чанар юм. Тиймдээ ч улс орон бүр өөрсдийн гэсэн тусгай цэргүүдтэй байдаг. Яг энэ жишгээр манай орны Зэвсэгт хүчин алба хаагчдаа тусгайлан бэлтгэдэг. Тэдгээрийн нэгэн төлөөлөл болох Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Ганбаатартай ярилцаж түүний ажил, алба болоод тусгай хүчний цэрэг гэх ойлголтын талаар хэсэг хугацаанд хөөрөлдлөө. Түүнийг “Гоша” гэх нэрээр нь илүү олон хүн таньдаг юм билээ. Энэ талаар нь тодотговол “Би анх 1997 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид орж ирэхэд манай он жавууд намайг "Гоша" гэж хочилдог болсон. Учир нь орос маягийн шардуу төрхтэй, ер шантардаггүй, нэг юм хийвэл хэзээ ч дундаас нь орхидоггүй зантай болохоор тэгж нэрлэсэн гэдэг” хэмээн хариулснаар бидний яриа эхэлсэн юм.
Таны ажил алба нь өндөр үү?
Харахад үзүүлэх тоглолтод бэлдэж байх шиг байна.
-АНУ-ын Тусгай хүчний командлагч манай улсад албан айлчлал хийж байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний 084, 150, 350 дугаар ангийн хамтарсан гардан тулааны үзүүлэх тоглолтод бэлдэж байна. Гардан тулааны үзүүлэх тоглолт гэдэг бол бие хамгаалах урлагийн анхан шатны элементүүд. Гол нь тулааны эвсэл, суурь мэдлэг, дадлага, техник олгох зорилготойгоос гадна сэтгэл зүйгээ бэлддэг ач холбогдолтой.
Манай тусгай хүчний цэргүүд хэдэн жилийн түүхэн замналтай вэ?
-1965 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр анги байгуулагдсан нь манай оронд тусгай хүчний цэрэг үүсэх үндэс суурь болсон. Тэр цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд шүхэр десантын тодотголтой тус ангийн алба хаагчид тусгай хүчний бэлтгэл сургуулилтыг хийж гүйцэтгэсээр иржээ. Энэ онд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлал байгуулагдахад харьяа таван ангийн нэгэнд багтаж байна. Төрлийн цэрэг болтлоо өргөжиж байгаа учраас цаашид удирдлага, зохион байгуулалт, бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэлт илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Манай Зэвсэгт хүчнээс гадна хууль, хүчний бусад байгууллагуудад тус бүр тусгайгийн алба хаагчид бий. Анх 2000-аад оны эхээр ШШГЕГ ын тусгайгийн 20 орчим алба хаагчийг бэлтгэж байсан хүмүүсийн нэг нь миний бие юм.
Манай Зэвсэгт хүчний тусгай хүчний цэргүүдийн үүрэг, зорилго нь юу вэ?
-Тусгай хүчин гэдэг нь маш өндөр зохион байгуулалт, бэлтгэл сургуулилт гэдгийн товч нэр байх ёстой. Жишээ нь газар, агаар, ус гэх мэт ямар ч газар орон, нөхцөл байдалд түргэн хугацаанд шилжин байрлах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай алба хаагчдыг хэлж болно. Харин тайван цагт дотоодод болон хилийн чанадад болж буй үймээн самуун, терроризмын эсрэг үүрэг гүйцэтгэх шилэгдмэл алба хаагчид байдаг. Хамгийн гол нь бие бялдар, сэтгэл зүй, тактик, дадлага сургуулилтаараа тусгайлан бэлтгэгдсэн байх нь чухал. Олон жил тусгай тактикийн бэлтгэл хийсэн, сэтгэл зүй, бие бялдрын өндөр бэлтгэлжилттэй цэргүүдийг нэг зохион байгуулалтад оруулахаар маш аюултай зэвсэг болон хувирдаг. Тийм ч учраас улс орон бүрд өөрсдийн гэсэн тусгай хүчний цэргүүд бий. АНУ, Их Британийн тусгай хүчнийхэн дэлхийд дээгүүрт бичигддэг. Дараа нь Испани, Герман, Израил, Пакистаны тусгай хүчний цэргүүд эрэмбэлэгддэг. Ихэнх нь Дэлхийн хоёрдугаар дайны дараачаас эхлэн байгуулагдаж алан хядах ажиллагаа болон терроризм, дарангуйлагчдын эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн. Бүгд л ижил журмаар Зэвсэгт хүчнээсээ сонгон шалгаруулалтад тэнцэж өндөр түвшний бэлтгэл сургуулилтыг хийдэг. Магадгүй 30 хүнээс зөвхөн нэгийг нь л сонгож авч болно. Хамгийн гол нь тэр хүн бүх төрлийн зэвсэг, машин, холбоо харилцааны техникийг ашиглаж чаддаг, ямар ч нөхцөлд амьд гарах арга ухаанд суралцсан байх ёстой.
Тухайн алба хаагчийн сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хэрхэн шалгадаг вэ?
-Сэтгэл зүйн бэлтгэл гэдэг нь тухайн алба хаагчийн ачаалал даах чадвараас эхлээд болзошгүй хүнд нөхцөл байдалд орох үед үүрэг даалгавартаа анхаарлаа төвлөрүүлэх чадвартай байдаг эсэхийг хэлдэг. Сэтгэл зүйн бэлтгэлжилтийг шалгадаг шалгуур үзүүлэлтийг мөн л эдгээр чадвараар нь хэмждэг. Тусгай бэлтгэл сургуулилтыг хэрхэн даван туулж байгаагаас хамаарч ямар түвшний алба хаагч вэ гэдгийг мэдэж болдог. Бие бялдрын бэлтгэлжилт ч мөн үүнтэй адилхан. Хоногт хэдэн км замыг хэр их ачаатай, хэдий хугацаанд туулж чадаж байна гэдгээс эхлээд тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой. Манай анги 2003 онд Белгийн Вант Улсын тусгай хүчний цэргүүдтэй хамтарсан бэлтгэл, сургуулилт хийж байсан. Тухайн үед би анх удаа тусгай хүчин гэж ийм зүйл байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Чамлахааргүй туршлага, сургамж олж авсан. Эзлэгдсэн объект, орон байрыг чөлөөлөх, өрөө цэвэрлэх ажиллагаанд бүлгээр ажиллах чадварт суралцах тал дээр дэвшил болж чадсан.
Бид өмнө нь Оросын системийг дагадаг байсан бол гуравдагч хөршийн харилцаанд орж, хамтарсан дадлага сургуулилт хийсний дүнд тэс өөр түвшинд хүрсэн гэж боддог. Мөн "Иракийн эрх чөлөө" ажиллагаанд монгол цэргүүд үүрэг гүйцэтгэж эхлэхдээ дэлхийд өөрсдийгөө ямар түвшинд байгаагаа илүү мэдэрсэн. Түүнээс хойш цэргүүдийн бэлтгэлжилт тэс өөр болсон.
Манай цэргүүдэд тодорхой нөхцөл байдалд дасан зохицох чадвар тун өндөр учраас ямар ч зүйлийг түргэн хугацаанд сурч чаддаг. Бусад улс орны цэргүүдийг бодоход хоорондоо нягт холбоотой ажилладаг. Харин зэвсэг, техникийн хувьд харьцангуй дутмаг байдаг нь бидний сул тал юм. Энэ байдлыг зайлшгүй засах хэрэгтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчний тусгай хүчин гэх ойлголтыг дэслэгч генерал Д.Ганзориг, хошууч генерал Л.Гансэлэм, хурандаа С.Түвшинбаяр наргүйгээр төсөөлөхийн аргагүй. С.Түвшинбаяр хурандаа бол миний анхны багш. Буу барих барилтаас эхлээд хэрхэн түргэн хугацаанд буудах, галыг шилжүүлэхээс эхлээд окоп ухуулах, үсээ хэрхэн засуулах талаар зааж сургаж байсан. Би анх 2004 онд бүр “рейнжер” үсний засалтаар үсээ засуулаад “тавган толгойт” гэж дарга нарт загнуулдаг байсан хөгтэй үе бий.
Ингэхэд та ямар учралаар Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй холбогдсон бэ?
-Намайг 10 жилээ төгсөхөд манай ах нар цэргийн албанд татагдахаар болсон. Тэр үед сэтгэл хөөрөөд хамт алба хаахаар шийдэн аав, ээждээ ч хэлэлгүй бүртгүүлчхээд үсээ хусуулаад гараад ирсэн. Аав, ээж хоёр гайхаад их л сандарч байсан нь тод санагдаж байна. Харин би цэргийн алба хаахын хүслэн болчихсон хүн 1996 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс цор ганцаараа Зэвсэгт хүчний 167 дугаар ангид томилогдож байсан. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алба хаана гэдэг сайхан байсан. Хугацаат цэргийн албаа хаагаад тэр даруй Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид шалгалт өгч тэнцсэн тэр цагаас хойш 20 гаруй жил Зэвсэгт хүчин гэх энэ том айлтай салшгүй холбоотой явна. Ангидаа ороод шүхрээр бууж, хээр хөдөө хоногоор үүрэг гүйцэтгэхээс эхлээд зав чөлөө бага байсан болохоор гэртээ ч тогтдоггүй байсан. Үргэлж л аль нэг тийш ах нарыгаа дагаад явчихна. Загнуулах үедээ загнуулж, тоншуулахдаа тоншуулаад, магтуулахдаа магтуулж байж л амьдралд хөл тавьсан. Олон ч зүйлийг сурсан. Түүндээ би баярлаж явдаг. Ер нь цэргийн алба хаагчдад сурахгүй зүйл гэж байхгүй. Өнөөдөр Зэвсэгт хүчин хэтэрхий ардчилсан болоод байгаа юм шиг санагддаг. Энэ нь нэг талын осолтой. Зэвсэгт хүчин хүний сурч чадахгүй байгаа зүйлийг хүчээр сургадаг. Тэгж байж болзошгүй нөхцөл байдал үүслээ гэхэд ард олноо хамгаалж, тавигдсан үүргийг биелүүлж чадна. Дээхэн үед цэргийн хөгжмийн сургуульд малчин айлын хүүхэд орж л дээ. Тэр хүү хөгжмийн нот байтугай бичиг үсэг ч мэддэггүй байж. Гэтэл сарын дараа гэртээ ирэхдээ нотоо харан бүрээ хөгжмөөр бүхэл бүтэн ая тоглож байсан гэдэг. Хөгжилтэй нь өөрийнх нь тоглож байсан бүрээ нь энд тэндээ хонхойчихсон байсныг бодвол багагүй тоншуулж дээ гэж бодохоор. Дараа нь тэр сурсан зүйл нь өөрийг нь хоолтой залгуулдаг болж байгаа юм.
Зэвсэгт хүчинд алба хаагаад халуун тогоонд нь чанагдаад ирэх үед бүх л мэргэжил нь хүнд хамгийн хэрэгтэй зүйлийг зааж сургадаг юм байна гэж бодогддог. Тиймээс энэ нь хүнд цагийг давах сэтгэл зүйн бэлтгэл болох учиртай. Цэргийн алба хэзээ ч зөөлөн байж болохгүй.
Өмнөд Солонгосын тусгайгийнхан болох “707”-гийнхантай хамтарсан сургууль хийж байсан талаар сонссон. Тэр талаар дэлгэрүүлбэл ...
-Би найман улсын тусгай хүчинтэй хамтарсан дадлага сургууль хийж үзсэн. Тэдэн дундаас миний сонирхлыг хамгийн их татсан нь Өмнөд Солонгосын тусгай хүчин “707”-гийнхан. Яагаад гэвэл зэвсэг, техникийн хангалт сайтайгаас гадна ажлаа төлөвлөх чадвар маш өндөр түвшинд байдаг юм байна лээ. Бичиг цаасны ажил гэхээс илүүтэйгээр үүрэг, даалгаврын судалгааг маш сайн явуулдаг. Судалгааны үр дүнд ямар техник хэрэгсэл хэдэн цагт хэрэгтэй вэ гэдгээ удирдлагадаа эргүүлээд мэдэгддэг. Дараа нь тухайн даалгаварт тохирох бэлтгэл, сургуулилтаа хийнэ. Жишээ нь, объектыг эзлэх даалгавар байлаа гэхэд дуурайлгаж зассан орон зайд бэлтгэлээ хангана. Тэр хооронд нь шаардлагатай зэвсэг, техник хэрэгсэл нь бэлэн болсон байдаг. Эцэст нь даалгавраа гүйцэтгэнэ. Энэ маягаар өндөр зохион байгуулалт дор бэлтгэл хийх стандарт талбайтай, дуурайлган төхөөрөмжилсөн бодит газар оронд дадлага хийхэд шаардлагатай бүх зүйл байж тэр хэрээрээ ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж чадна. Мөн Солонгосын тусгайгийнхан үдээс өмнө бүх тактикийн бэлтгэл сургуулилтаа хийдэг. Харин үдээс хойш биеэ хөгжүүлэх дасгал, хөдөлгөөндөө цагаа зарцуулна. Цэрэг хүний хамгийн гол зэвсэг бол бие бялдар гэдгийг Д.Цог-Эрдэнэ хурандаа байнга хэлдэг. Бие бялдрын бэлтгэлжилттэй байж л саад бэрхшээлийг даван гарч чадна шүү дээ. Жишээ нь, чиченчүүд яаж ОХУ-ын хүчирхэг армитай байлдаж чадаад байсан бэ гэвэл тэр чигээрээ цэрэгжлийн спортын гурван төрлийн чадварыг эзэмшсэнд юм шүү.
Олон улсын хамтарсан бэлтгэл сургуулилтуудаас нутагшуулсан зүйлс хэр их байдаг вэ?
-Мэдээж маш их бий. Олон улсын тусгай хүчний хамтарсан сургуулиудад манай алба хаагчид оролцсоноор өрөө цэвэрлэх болон бүлгийн ажиллагаа, гардан тулааны бэлтгэл сургуулилтыг илүү өндөр түвшинд эзэмшсэн. Буудлагын тал дээр хараалж цаг алдалгүйгээр гүйлт дундаа, аль эсвэл суугаа, хэвтээ байрлалаас хэрхэн мэргэн буудах, хутган жадыг оновчтой шидэх, өчиж боох гэх зэргээс эхлэн сурсан, нутагшуулсан зүйлс их. Солонгосын тусгайгийнхан онгоц, автобус, галт тэргэн дотор дадлага сургуулилт хийдэг. Дээрээс нь хамгаалалтын бүлгийн дадлагаас эхлээд өөрсдийн полигонд төрөл бүрээр дадлагаждаг. Тухайн оронд терроризм, хүн барьцаалах гэмт хэрэгтэй холбоотой болзошгүй нөхцөл байдал үүслээ гэхэд цагдаа, иргэний хамгаалалтынхан нь дийлэхгүй бол армийн тусгай хүчнийг дууддаг. Энэ нь зүгээр л дайсныг устгах шийдвэр гаргасан гэсэн үг.
Хүнийг яаж түргэн хугацаанд хөнөөх вэ гэдгийг өндөр түвшинд сурсан учир 200 террористын эсрэг 20 хүнтэй тусгайгийнхан орсон ч бүгдийг нь хөнөөж чадна. Гол нь зөв тактик байх нь чухал.
Үүгээрээ тусгай хүчний цэрэг бусдаасаа онцлогтой байх ёстой. Манай тусгай хүчний цэргүүдэд дадлага сургууль хийх боломжийг нь бэлдэж өгөх хэрэгтэй. Эзлэгдсэн объект байлаа гэхэд цонхыг нь тэслэх төхөөрөмж, хаалгыг нь дэлбэлэх тэсрэх бөмбөг байхгүй. Үүнийг нь туршаад шинээр зохион бүтээе гэхээр эрсдэл өндөртэй гээд болиулчихдаг. Эрсдэл байхгүй бол Зэвсэгт хүчин байхын хэрэг байхгүй шүү дээ. Дээрээс нь Солонгосын тусгайгийн алба хаагчид төрөөс хангамж маш сайн авдаг. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал тулгарна гэж байдаггүй. Тэгж байж л ажилдаа 100 хувь сэтгэлээ зориулж чаддаг. Харин манайд эсрэгээрээ. Үнэн гэвэл манай Зэвсэгт хүчний ахлагч нарын 70 орчим хувь нь цалингийн зээлтэй. Би ч гэсэн зээлтэй. Өөрийнхөө амьдралыг цэгцлээгүй байж ажилдаа амжилт үзүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл юм. Энэ тал дээр манай орон хэт хоцрогдчихсон. Сонирхуулахад Өмнөд Солонгосын тусгай хүчнийхний талаар яриа цөөнгүй байдаг. Анх байгуулагдахдаа Хойд Солонгосын удирдагчийг нууцаар хөнөөх зорилготой байсан ч даалгавар цуцлагдаж, улмаар бэлтгэгдсэн цэргүүдээ өмнөд солонгосчууд өөрсдөө хөнөөсөн гэдэг. Энэ түүхийг өгүүлсэн уран сайхны кино ч хүртэл байдаг. Манай улс азаар улс төрийн хувьд тайван, дундыг баримталсан. Хэрэв тийм биш байсан бол аль хэзээний ямар нэг улсын тусгайгийн цэргүүд ороод ирчихсэн байж магадгүй шүү дээ.
Манай цэргүүд олон улсад тусгай хүчний сургалт, дамжаануудад хэр идэвхтэй оролцдог вэ, Таны хувьд тусгай хүчний ямар сургалтуудад хамрагдаж байв?
-Бид идэвхтэй оролцдог. Жишээ нь, жил болгон жижиг бүлгийн болон бүлгийн тактикийн ажиллагаанд тулгуурласан "Блансмэжик" сургуулийг АНУ тай, ширэнгэн ой, тайга, уул хаданд терроризмтой тэмцэхэд чиглэгдсэн "Нүүдэлчин заан" сургуулийг Энэтхэг Улстай хамтарч хийдэг. ОХУ-тай хамтран мөн л жижиг бүлгийн тактикийн ажиллагааны сургуулийг явуулдаг. Бүх төрлийн цохилт өгөх, татан гаргалт хийх чадварыг Турк Улстай хамтарсан сургуулиар олж авдаг. Өмнөд Солонгос Улстай хамтран хот доторх байлдааны ажиллагаа болон терроризмтой тэмцэх ажиллагааны бэлтгэл сургуулилтад түлхүү чиглэгддэг. Эдгээр сургууль нь хүнийг амьд гарах ухаанд суралцуулдаг.
Тусгай хүчин гэх ойлголтыг хүүхэд залуучууд Холливуудын кинонуудаас л авдаг шүү дээ. Гэтэл яг үнэн хэрэгтээ хэр зөрүүтэй байдаг вэ?
-"24 цаг" гэж америк кино бий. Жинхэнэ тусгайгийнхныг үзэж, мэдэрье гэвэл тэр киног л үзэх хэрэгтэй. Ер нь Холливуудын кинонууд хол зөрдөггүй гэж боддог. Харин ч жинхэнэ бодит байдал дээр киноноосоо ч илүү супер цэргүүд байхыг үгүйсгэхийн аргагүй. Орчин үед техник, технологи маш хурдацтай хөгжиж байна.
Улс орнууд Батлан хамгаалах салбартаа оруулдаг төсвөө жил бүр өсгөсөөр л байна. Тиймээс магадгүй жижигхэн тоосонцроор ч хүн хөнөөх технологи бий болсныг бид мэдэхгүй шүү дээ. Ер нь манай оронд энэ салбар ямар байдлаар хөгжих боломжтой вэ?
-Хамгийн түрүүнд тусгай хүчний цэргүүдийг бэлтгэдэг багш нарыг бэлтгэх хэрэгтэй. Үүний дараа сургалтын стандартаа өөрчлөх нь чухал. Өөрчлөхийн тулд олон улсын туршлагыг бүрэн судлах шаардлагатай. Жишээ нь, хаалга онгойлгоход ямар зэвсэг, техник, арга барил хэрэгтэй вэ гэдгийг тодорхой стандартад оруулах хэрэгтэй.
Тагнуулын ерөнхий газрын тусгайгийн алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахын тулд маш их хугацаа алдаж байсныг ард олон бүгд харсан. Тэр гэрийнх нь хаалгыг эвдэх гэж хэчнээн их юм болов. Бүр өөр айл руу андуурч орсон гэж байгаа. Ингээд бодоход тусгай хүчин нь тусгай гэж өөрсдийгөө нэрлэх ямар ч хэрэг байхгүй.
Эхлээд тэр хаалгаа судлах хэрэгтэй. Харин энэ тал дээр ямар нэгэн сургалт, дадлага, стандарт байдаггүй учир бид мэдэхгүй байна. Солонгосын тусгай хүчнийхэн бидэнд өндөр барилгаас яаж олсоор бууж, цонхоор дамжиж өрөө цэвэрлэх ажиллагаа хийхийг заасан. Америкийн тусгай хүчнийхэн бидэнд ширэнгэн ойгоос ямар амьтныг яаж агнаж, хэрхэн хүнсэндээ хэрэглэж болохыг заасан. Нисдэг тэрэгнээс олсоор яаж буухыг Туркийн тусгайгийнхнаас харж байсан. Энэтхэгийн тусгай хүчинтэй хамтран шөнө хилийн гаднах хотын иргэдийн дундуур үүрэг гүйцэтгэх дадлагыг хийж үзсэн. Нэг удаа бид Энэтхэг Улстай хамтарсан сургуулийн үеэр ширэнгэн ойн босогчидтой тааралдсан. Энгийн иргэд биднийг үзэн ядаж байна гэж орилж, хашхирч гарт тааралдсан зүйлээ шидэж эхэлсэн. Тэдний дунд бууны суманд шарх авсан хөгшчүүл, хүүхэд залуучууд хүртэл байсан. Гэтэл эцэстээ тэд бүгд дадлага сургуулийн нэг хэсэг болж таарсан. Цэргүүд нь иргэдийн дүрд хувирчихсан байсан хэрэг. Бид ч ёстой шоконд орсон. Томоохон улс орнууд тийм байдлаар алба хаагчдаа бэлтгэдэг. Тэгвэл бид яагаад энэ жишгээр ажиллаж болохгүй гэж. Цаашид тусгай хүчний цэргийг улам бүр өргөжүүлэх шаардлага бий. “Десант бамбар” клуб үйл ажиллагаагаа явуулж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.
Хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзлийг сурталчлах том ажил болсон гэж харж байна. Тус клубийг анх ямар зорилгоор байгуулсан бэ?
-ОХУ-ын цэргийн гардан тулаан дэлхийд дээгүүрт бичигддэг. Энэ талаар ч улсаас нь анхаарал хандуулж олон төрлийн тэмцээн уралдааныг зохион явуулдаг. Манай алба хаагчид 2009 оноос тус тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож эхэлсэн. Сүүлд 2018 онд Эрхүү хотод зохиогдсон цэргийн гардан тулааны тэмцээнээс манай хоёр алба хаагч хүрэл медаль хүртэж байсан. Энэ нь надад гардан тулааны урлагаар монгол залуусыг бэлтгэж болох юм байна гэсэн сэдлийг төрүүлсэн. Улмаар бид гардан тулааны клубүүдээр орж сонирхлоо. Тэгтэл 5-6 насны 20-иод хүүхэд хичээллэж байсан. Хүүхдүүд тийм багаасаа хичээллэж байгаа мөртлөө ямар эвсэлтэй, хөөрхөн байсан гэж санана. Ийм бэлтгэл сургуулилттай арми хөгжилгүй яах вэ л гэж бодогдсон. Энэ нь олон талын ач холбогдолтой. Хүүхдүүдэд багаас нь цэрэг, эх оронч үзлийг бий болгож, бие хамгаалах чадварыг сургаж байсан. Тэгээд би яг энэ жишгээр "Десант бамбар" клубийг 2019 оны 11 дүгээр сарын 16- нд байгуулсан. Бид ихэвчлэн хууль, хүчний байгууллагын алба хаагчдын хүүхдүүдийг клубтээ элсүүлдэг. Эцэг, эхчүүд ч сэтгэл хангалуун байдаг. Манай клуб цэргийн гардан тулааныг заахаас гадна ямар ч нөхцөл байдалд амьд гарах ухааныг сургадгаараа онцлог ашгийн бус байгууллага. Бид хүүхдүүдээс ямар ч үнэ төлбөр авалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах зорилготой. Ингэснээр бид эх орондоо цэргийн гардан тулааныг дэлгэрүүлж, хөгжүүлэх эхлэлийг тавьж чадна. Цаашлаад насанд хүрэгчдээс элсэлт авдаг болно.
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин