Францад иргэдээс эрүүл мэндийн гэрчилгээ шаардаж эхэлжээ
ПАРИС. /NHK/. Францад зоогийн газар, кафед үйлчлүүлж буй иргэдээс “COVID-19”-ийн эрүүл мэндийн гэрчилгээгээ үзүүлэхийг шаардаж эхэлжээ. Харин энэхүү арга хэмжээний талаар иргэд өөр өөр үзэл бодолтой байна.
Даваа гаргаас хэрэгжиж эхэлсэн журмын хүрээнд иргэд нисэх онгоц болон хурдны галт тэргээр холын зайд зорчих үедээ мөн уг гэрчилгээг үзүүлэх шаардлагатай ажээ.
Эрүүл мэндийн гэрчилгээг QR кодтой олгодог бөгөөд энэ нь вакцинжуулалтад хамрагдсан, шинжилгээний хариу сөрөг гарсан, коронавирусний халдвар аваад эдгэрсэн эсэхийг нотлох юм.
Харин эрүүл мэндийн шалтгаанаар коронавирусний эсрэг вакцин хийлгэж чадаагүй хүмүүс эмч нараас өөр төрлийн гэрчилгээ авах боломжтой байна.
Парис хотын нэгэн оршин суугч энэ талаар хэлэхдээ, цар тахлын улмаас үүссэн хүнд нөхцөл байдлаас гарахад хувь нэмрээ оруулж буй чухал арга хэмжээ хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн нэгэн зоогийн газрын эзэн, “Үйлчлүүлэгчдийн гэрчилгээг нэг нэгээр нь шалгах амаргүй ч энэ арга хэмжээ ажилчдынх нь аюулгүй байдлыг хангана" гэж хэлсэн байна.
Харин шүүмжлэгчдийн хувьд, уг арга хэмжээг иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаагаас гадна вакцинд хамрагдахыг хүчээр тулгаж байна хэмээн үзэж байгаа ажээ.
Ц.Анударь
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг