НОК: Хариуцлагын гэрээ байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа
Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ковид-19” халдварын нөхцөл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв.
Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эдгээр байгууллагатай дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх чиглэлээр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх ажлыг зохион байгуулах боломжтой. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай” гэв.