Беларусийн тамирчин эх орон руугаа буцахаас татгалзаж, ОУОХ-ноос тусламж хүсчээ
Токиогийн Олимпын наадамд оролцож байсан Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Кристина Тимановскаяг хүчээр эх орон руу нь авч явахыг оролджээ. Кристина Тимановскаягийн мэдээлснээр тэрээр нисэх онгоцны буудал дээр байхдаа цагдаа нараас тусламж хүсч, Токиод үлдэж чаджээ. Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа К.Тимановская Беларусь руу буцах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.
Түүний хэлж байгаагаар өнгөрсөн ням гарагийн өглөө Беларусийн дасгалжуулагчдын багийнхан түүний өрөөнд ирж, хувцсаа баглахыг шаарджээ. Удалгүй түүнийг нисэх онгоцны буудалд хүргэж, тухайн өдөр Минск руу нисэх онгоцны тасалбар авч өгчээ.
24 настай Кристина Тимановская нь 100 м болон 200 м богино зайн гүйлтийн тамирчин бөгөөд тэрээр анх удаа Олимпын наадамд оролцож байгаа аж. Хэдэн өдрийн өмнө тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа Беларусийн спортын удирдлагуудыг шүүмжилсэн пост нийтэлжээ. К.Тимановскаягийн бичсэнээр дасгалжуулагчид өөрт нь урьдчилж мэдэгдэлгүйгээр түүнийг 4х400 м буухиа гүйлтэнд оролцуулсан аж. Тус гүйлтийн төрөлд оролцох ёстой байсан Беларусийн зарим тамирчид допингийн шинжилгээтэй холбоотой асуудлаар тэмцээнд оролцох боломжгүй болсонтой холбоотой байжээ. К.Тимановская энэ талаар нийгмийн сүлжээнд нийтэлсэнтэй холбоотойгоор түүнийг шигшээ багаас хассан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр К.Тимановская Австри эсвэл ХБНГУ-аас орогнол хүсэхээр төлөвлөж байгаа гэжээ. Түүнээс гадна К. Тимановская ОУОХ-ноос тусламж хүссэн бичлэгээ нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна. Тэрээр, "Би ОУОХ-ноос тусламж хүсч байна. Намайг дарамталж, хүчээр Беларусь руу буцаах гэж байна. Тийм ч учраас би ОУОХ-г энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна" гэжээ.
ОУОХ-ны төлөөлөгчид болон Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид К.Тимановскаятай уулзаж ярилцсан байна. Тэрээр Ханеда нисэх онгоцны буудалд байрлаж байгаа ба түүнтэй хамт Олимпын наадмыг зохион байгуулах комиссын төлөөлөгч байгаа гэжээ. Чех болон Польш зэрэг улс орнууд К.Тимановскаяг хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн ба К.Тимановская Беларусьт байгаа түүний гэр бүл, ойр дотныхныг эрх баригчдын зүгээс хавчин дарамтлахвий гэж эмээж байгаагаа илэрхийлжээ.