Г.Баясах: Хүнд донтох донг хайртай андуурдаг
Сэтгэлзүйч, донтолтын зөвлөгч Г.Баясахтай ярилцлаа.
Сайн байна уу? Бид өмнө нь архи, тамхи, хар тамхины гэх мэт маш олон донтолтын тухай сонсож байсан. Харин өнөөдөр “Хүнд донтох донтолт”-ын талаар ярилцах гэж байна. Энэ яг ямар учиртай донтолт вэ? Ямар онцлог, шинж тэмдэг илэрдэг юм бол?
Ихэвчлэн залуу хүмүүст илэрдэг эмгэг. Архинд донтоод үр хүүхдүүдийнхээ хувцас хунарыг зарж уудаг хүнийг “Муу амьд явахаар сайн үхээсэй, энэ ёстой бүтэхгүй юм байна” гэх мэтээр үзэн ядаж, ярьдаг. Донтолтын асуудалтай хүнээс ийм зан авир гардаг. Таны асуусан хүнд донтох эмгэг мөн л их аюултай. Хүмүүс үүнийг “ХАЙР”-тай андуурчих гээд байдаг. Би хайртай учраас энэ хүний төлөө явж байгаа юм гэдэг. Гэтэл энэ нь хүнд донтох эмгэг үүсчихсэн байх нь элбэг. Хайр нь хайраасаа даваад тухайн хүндээ “ҮГҮЙ” гэж хэлж чадахаа больдог. Тэр хүн нь өөрийг нь зодож, хүчирхийлэн, элдвээр доромжилсон ч хажууд нь зүв зүгээр байгаад л байдаг.
Тэгэхээр энэ бол эмгэгтэй сэтгэлзүйн шинж юм. Уг нь өөрийгөө үнэлдэг хүн бол өөрийг нь зодож, гар хүрэхэд “Яагаад намайг зодож байгаа юм бэ?”, доромжилвол “Намайг битгий ингээрэй” гээд хариу үйлдэл үзүүлэх ёстой. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлд байгаа, байнгын зодуулдаад хөл гар нь хугарчихсан хирнээ л уучлаад байдаг хүмүүс үүнийгээ “ХАЙР” гэж андуурдаг. Үгүй ээ, энэ бол хайр биш, харин хүнд донтчихсон учраас та тухайн хүндээ “ҮГҮЙ” гэж хэлж чадахгүй байгаа юм. Энэ бол маш аюултай. Хүн эрүүл бус ухаантай байгаа учраас өөрийнхөө үйлдлийг мэддэггүй. Хэн нэгэнд маш их хайртай, тэр нь архи ууж, доромжилдог, нүдэн дээр нь өөр хүүхэнтэй явалдсан ч тухайн хүнээ уучлаад л байдаг. Хүмүүс харахдаа: “Хөөх ямар агуу хайр вэ?” гэдэг. Энэ агуу хайр биш. Энэ бол хүнд донтсон хүнээс гардаг зан авир юм.
Ийм хүнд тухайн хайрлаад байгаа хүн нь “Үгүй”, “хайргүй” гэж хэлэхэд бараг үхмээр санагддаг. Үхээд өгье, би чамгүй бол амьдарч чадахгүй, хамаагүй доромжлуулаад, зодуулаад эсвэл өөр хүүхэнтэй явж байгаад ирсэн ч зүгээр гэдэг. Харин иймэрхүү байдлыг овжин ашигладаг эрчүүд: -“Өө надад хайртай юм байна” гээд жаахан өөгшүүлээд, харилцаагаа бага зэрэг усалсан болоод л хойноос нь хүссэн зан авираа гаргадаг. Мөнгийг нь үрэн таран хийж, тухайн хүнийхээ сэтгэлзүйг маш хүнд байдалд оруулдаг. Хүнд донтох эмгэг хүний сэтгэлзүйг удирддаг. Хүмүүс үүнийг ялгадаггүй.
Өөрт нь хэлэхээр: -“Үгүй би хайртай учраас энэ бүхнийг тэвчиж байгаа юм” гэж хэлдэг. Хайр байвал эрүүл ухаан байна шүү дээ.Хүн өөрийгөө үнэлдэг байх ёстой. Өөрийг чинь доромжилж байгаа зүйлд “үгүй” гэж хэлж сурах ёстой. Гэтэл тэгж чадахгүй байвал та хүнд донтох эмгэгтэй байх магадлалтай. “Яагаад надруу хашгираад, гар хүрч байгаа юм бэ?, болохгүй, үүнийг зөвшөөрөхгүй” гэж та хэлдэг байх ёстой. Хувь хүнд өөрийн гэсэн хил хязгаар, орон зай гэж байдаг. Энэ нь чөлөөтэй сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх орон зайн хил хязгаар юм.
Мөн бие махбодийн хил хязгаар гэж бий.1.5 радиус дотор хувь хүний орон зай шүү дээ.Энэ радиус руу ороход л хүний бие махбод руу хүчирхийлэл үйлдэх сэдэл төрдөг. Нэг метрийн зайтай зогсож байгаа хүн уурлаад цохих гэхэд ядаж гар нь хүрэхгүй. Бие махбодио хамгаалсан орон зайг хүн өөртөө авч байх хэрэгтэй.
Харин оюун санааны орон зай гэдэг нь хүн өөрийгөө илэрхийлэх явдал юм.Эрүүл ухаантай хүн бол намайг доромжилж болохгүй гэдгийг илэрхийлдэг. Харин хүнд донтсон хүмүүст ийм хил хязгаар байдаггүй. Хил хязгаар эвдэгдсэн, хаалга нь онгорхой газарт хулгайч, дээрэмчид дураараа авирлаж, хүссэнээ хийдэгтэй л адилхан зүйл.
Хувь хүн өөрийнхөө орон зай, хил хязгаарыг алдахад хүчирхийлэлд автаж, эргүүлээд эргэн тойрондоо байгаа үр хүүхдүүдээ хүчирхийлэх гол шалтгаан болдог.
Эрүүл хүн үгүй гэж хэлж байгаа үгийг зүгээр хүлээж авдаг байхад, үүнийг хүлээж авч чадахгүй, тэр хүнийг айлгаж, амийг нь тэмцүүлж л байгаа бол эмгэгтэй байдал үүссэнийг харж болно.
-Хүнд донтох эмгэгтэй хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Тодорхойлвол?
Хамгийн эхнийх нь өөрийгөө гаргуунд гаргаж, байнга нөгөө хүнээ боддог. Тэр хүний хэрэгцээ байвал би яах вэ гээд ажлаа хаяад ч хамаагүй дундуур нь гүйнэ. Тэр хүн мөнгө аваад ир гэвэл ямар ч чухал ажил байсан хаяад гүйчихдэг ийм хандлагатай байдаг. Дараагийнх нь тэр хүнийг доромжлоход эсэргүүцдэггүй. Өөрөөр хэлбэл тэр хүний хүслийг л биелүүлэх гэж өөрийгөө золиослож, гаргуунд нь гаргадаг.
Жишээ нь: Та ажлын хуралтай байна гэж бодьё. Хуралдаа суух ёстой байтал өнөөх хүн: “-Би чамтай одоо л уулзмаар байна” гэвэл та худлаа үнэн хэлээд, бултаж зугтаагаад тэр хүн рүү явж байвал хүнд донтсон хүн мөн байна. Мөн өөрийнхөө мөнгийг тэр хүний төлөө замбараагүй зарцуулдаг, өөрт байсан хамгийн эцсийн мөнгөө шавхаад тэр хүнд зориулаад, өөрөө алхаж байх жишээтэй.
Өөрөө хоолоо идэхээ болиод, тэр хүнд өгч байгаа үйлдэл бол хүнд донтсон хүнээс гардаг үйлдлүүд юм. Энэ бол хайр биш. Хүмүүс үүнийг маш их хайртай юм шиг бодож андуурдаг. Би үнэхээр ямар ч болзолгүйгээр хайрладаг гэдэг. Зөвхөн бурхан л хүнийг болзолгүйгээр хайрладаг.
Хүн хэзээ ч хүнийг болзолгүйгээр хайрлаж чаддаггүй. Ээж хүн болзолгүйгээр хайрлаж чаддаг.
Бусад хүн тэгж чаддагүй. Хүнд донтох эмгэгийг хайртай андуурдагаас хүмүүс их төөрөгдөлд ордог. Тэгээд сэтгэлзүйгээ татаад авч чаддаггүй. Энэ зүйл хүний амийг нь тэмцүүлдэг, тэр хүнийг бодохгүй, ярихгүй, харахгүй бол унтаж чаддаггүй.
Тэгээд тэр хүний гутал, хувцсыг нь л харчих л юм бол нэг их гоё кайфтай болдог. Энэ чинь эмгэг байхгүй юу. Тэгэхээр хүнд донтох байдал нь мөрийтэй тоглоом, PC-нд донтохоос илүү хүнд байдаг. Донтсон хүнд их хэцүү мэдрэмжүүд бий болдог.
Түүнээсээ гарахын тулд хамаг юмаа барж дуусдаг.
Мөнгө, эрүүл мэндээ алдаж байж л зогсолт хийж чадвал чадна.Чадахгүй бол яаж ч амьдарсан яадаг юм гээд өөрийнхөө амьдралыг золиосонд гаргана. Эсвэл биеэ үнэлэгч болно.
Аль эсвэл өөр донтолт руу хувирч өөрийнхөө амьдралыг сүйрүүлэх хэмжээнд хүртэл аваачих магадлалтай. Тэгэхээр бид хүүхдүүддээ “ҮГҮЙ” гэж хэлж сургах ёстой. Үгүй гэдэг бол өдөр тутам хэрэглэгддэг энгийн л үг. Үүнийг заах ёстой. Дандаа л “ТИЙМ” гээд “ҮГҮЙ” гэж хэлж сурахгүй байх нь ч гэсэн сэтгэлзүйн эмгэгийг үүсгэдэг. Чамайг над уруу ингэж хашхирахыг чинь би зөвшөөрөхгүй, би дургүй байна гэдэг тийм эсэргүүцэх, хил хязгаарыг зогсоодог хандлагыг бид үр хүүхэд, ялангуяа эмэгтэй хүүхдүүдэд зааж өгөх ёстой. Тэгэхгүй бол “хайр”-тай андуурдаг. Ер нь хайр гэж юу юм.Өөрийгөө бүрэн дүүрэн золиослоод, өөрийгөө өгөх гэж хэлдэг, тийм ээ?
Гэхдээ хайр дотор нэг юм байдаг. Хайр, халамж, хамгаалалт гэсэн зүйл хамтдаа явж байж хайр болно.Дахиад хэлье.
Хайр, халамж, хамгаалалт. Хүмүүс хайрлаж л байгаа бол ингэ, тэг гэж хэлдэг. Тэгвэл энд өнөөх халамж нь хаана байна? Хамгаалалт нь хаана байгаа юм.
Хар шөнөөр надад уух юм аваад ир гэж байгаа нь хайр яг мөн үү? Тэр хүнийг хамгаалахгүй байна шүү дээ.
Энэ нь давхар хамааралтай байгаа учраас тэр хүн таныг чөлөөтэйгээр удирдан чиглүүлж байгаа.
Тэгэхээр хайрлаж байгаа бол халамжилдаг, хамгаалдаг, аюултай нөхцөл байдал, дургүй байхад чинь хий гэж хэлдэггүй, дургүй байхад чинь бэлгийн харилцаанд орохгүй, ажилтай байхад чинь таныг хүндлэхгүйгээр одоо ир тэгэхгүй бол би тэглээ шүү гэдэгт л автаж байгаа бол танд хүнд донтох эмгэг үүсэж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм зүйл хааяа нэг илэрч байвал сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй.
Ер нь жижиг зүйлээс том зүйл бий болдог шүү дээ. Хүн анхнаасаа хүнд донтдоггүй. Бага багаар явсаар байгаад түүндээ бүрэн автдаг. Тэгэхээр хүнд донтох эмгэг хүүхэд наснаасаа авсан сэтгэлийн шарх, ялангуяа аав ээждээ бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй, хайрлагдаагүй, байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөөгүй, ээж аав нь хүүхдүүдээ хил хязгаартай хайрлаагүй, хамгаалаагүй, халамжлаагүйтэй холбоотой. Хайр гэдэг бол өгөөд л байх юм байна.Зодсон ч гэсэн тэвчээд л байдаг юм байна гэж боддог. Үгүй шүү дээ. Хайр бол тэвчээртэй гэдэг ч буруу зүйлийг, хүчирхийллийг тэвчих ёсгүй. Хүн буруу зүйл хийснийхээ төлөө зодуулах ёсгүй. Тэр ч байтугай эмэгтэй хүн гэр бүлээс гадуур явсныхаа төлөө ч зодуулах ёсгүй. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Үүнийг чинь яриад хэлэлцэж ойлголцож болдог зүйл. Хэрвээ тийм байдалд автаж л байгаа бол гэр бүлийн хүчирхийлэл буюу өөрийнхөө хил хязгаар, оюун санаагаа чөлөөтэй илэрхийлэх орон зайг өгөөгүй байгаа байдал харагдаж байна.
Тиймээс хүнд донтох байдал руу маш амархан автаж, сэтгэлзүйн гүн хямралтай болдог. Жишээлбэл: Нэг ээж ингэж ярьж байгаа юм. “Миний нөхөр архи уудаг байсан юм. За яахав.4 хүүхдийнхээ төлөө насаараа л тэвчсэн.Одоо ингээд л дуусахаас…”
Тэр эмэгтэйн нүүрнээс би хэзээ ч баяр хөөр хардаггүй. Байнгын хөмсөг нь зангидаастай, нөхөр болон 4 хүүхэддээ өөрийгөө бүрэн зориулчихсан. Золиослочихсон хүн. “Амьдралынхаа үлдсэн хугацааг ингээд л дуусгая” гэж байгаа юм. Энэ бол үнэхээр харамсалтай. Энэ бол хайр биш хүнд донтсон эмгэгээр амьдралаа дуусгаж байгаа л амьдрал. Үр хүүхдүүддээ гэр бүлийн салалтыг амсуулахгүй гэж өөрийгөө золиослож байгаа харамсалтай амьдрал. Гэхдээ хэлье. Таныг хөмсгөө зангидаад, хөмхийгөө зууж байгааг чинь таны хүүхдүүд мэдэрдэг. Зүрх зүрхээ, сэтгэл сэтгэлээ мэдэрдэг. Миний ээж аз жаргалтай амьдарсангүй дээ гэдгийг 4 хүүхэд чинь хожим мэддэг. Тэгэхээр хүүхдүүддээ үүгээрээ юуг зааж, үлгэрлэж байна. Хэрвээ аав чинь архи уудаг, эсвэл нөхөр чинь архи уугаад байвал ээж шиг нь ингээд тэвчээд шүдээ зуугаад амьдрах ёстой гэдгийг зааж байна уу?
Та юуг үлгэрлэн үлдээж байгаа вэ? Хэрвээ буруу зүйлийг эртхэн зогсоогоод, залруулаад амьдралынхаа үлдсэн хугацаанд аз жаргалтай байх боломж байсан уу?
Байсан шүү дээ. Эрүүл сэтгэлгээтэй хүн бол хамгийн эхний үл хүндлэл, хамгийн эхний хүчирхийлэл, хил хязгааргүй байдал дээр зогсолт хийдэг.
Бид нар “-За яахав анх удаа намайг цохьсон.Анх удаа намайг хуурсан юм. Анх удаа ингэсэн юм...” гээд өөгшүүлдэг. Тэгээд өөрөө давхар хамааралд ордог. Энэ нь их аюултай. Хамгийн анхны таны биед гар хүрэх, хашхирах, юм авч шидэхэд л зогсолт хийгээд, тэр хүнтэй тулж ярих ёстой. Гэтэл давхар хамааралтай хүн айдаг байхгүй юу. “За за намайг орхиод явчихвал яах уу? хүүхэдтэй минь хаячихвал яах уу, би ингээд бэлэвсэн үлдчихвэл яах уу?” гэх мэт. Энэ бүх давхар хамаарлаас үүдэлтэйгээр насан туршдаа хүчирхийллийн золиос болж, дарамтанд амьдралаа дуусгадаг. Энэ маш харамсалтай амьдрал л даа. За яахав ээж аав хоёр нь яаж ийгээд тэсээд салаагүй байж.
Гэтэл хүүхдүүд нь эмгэг байдал, хүчирхийллийг харж өссөн учраас тэдэнд сэтгэлзүйн эмгэг үүсээд хүнд донтох байдлыг өвлүүлж үлдээдэг.
Ингээд нэг цикл үүсээд дараагийн үр хүүхдүүд нь ч бас эрх чөлөөгүй, баяр хөөргүй, аз жаргалгүй хүн болчихдог.
-Таны ярианаас энэ бол эмэгтэйчүүдэд голдуу ажиглагддаг зүйл юм болов уу гэж анзаарагдлаа. Үүнд эрчүүд нь эсвэл эмэгтэйчүүд нь давамгайлдаг гэх мэт хүйсийн ялгаа гэж бий юу?
Байхгүй л дээ. Гэхдээ ер нь дийлэнх нь эмэгтэй хүмүүс байдаг нь үнэн. Нөхөр нь чи архичин гээд л үглээд л байдаг. Тэгсэн атлаа дуугүй л байдаг. Дотроо тэр хүнээс бүрэн дүүрэн хамаарчихсан байдал эрэгтэй хүн дээр ч тэр, хүүхдүүд дээр ч гардаг. Эрэгтэй хүн ч мөн адил “ҮГҮЙ” гэж хэлж чаддаггүй. Тийм болохоор архи уудаг хүнийг дагаад л явчихдаг. PC тоглоё гэвэл дагаад л явчихдаг. Тэгэхээр хүнд донтож байгаа байдал нь дараагийн давхар хамаарал, донтолт руу маш хурдан орчихдог. Тэгэхээр энд хүйсийн тухай ойлголт байхгүй. Бүх хүн өртдөг. Миний хүү хүнээс хамааралтай эмгэгтэй байна шүү дээ гэдгийг энэ талын ойлголтыг авчихсан ээж шууд мэддэг. Нэг энгийн жишээ хэлье.
13 настай хүүхэдтэй нэг ээжтэй хамт хоолонд орлоо.Би тэр хүүхдээс нь: “Миний дүү ямар хоол идэх вэ?” гэж асуусан гэтэл өөдөөс
-Мэдэхгүй
- “Миний дүү дуртайгаа сонго доо” гэж дахин асуусан чинь ээж нь:
- “Өө наадах чинь мэдэхгүй. Хачин хачин юм сонгочихно. Би сонгоно”.гэж хэлж байсан юм.
Энэ хүүхэд бол 100 % ээжээс хамааралтай.
Тэгэхээр хожим энэ хүүхэд үргэлж хэн нэгнээс хамааралтай л байхгүй бол амьдарч чадахгүй. Тийм байдлыг тэр хүүхдэд өгсөн байгаа юм. Хүнээс хамааралтай байдлыг бий болгоно гэдэг бол маш аюултай. Хожим энэ охин нөхрийн аясаар, нөхрийн дарамтанд, нөхөрт бүрэн автаж, донтсон ийм байдлаар амьдралаа эхлүүлэх бололцоо харагдааад байгаа юм.
Тэгэхээр бид нар хүүхдүүддээ чөлөөтэй сэтгэн бодох боломж бүрдүүлэхгүй байгаад байна.
Яадаг юм бэ? нэг удаа буруу хоол сонгоод, идэхгүй нэг удаа мөнгө үрээ л биздээ.Тэгж байж л хүүхэд зөв сонгоно шүү дээ.
Оюун бодол, хил хязгаарын сонголт өгөхгүй байгаа нь хүнийг донтох байдал руу автомаар оруулдаг.
Хүн л байхгүй бол байж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ.Ямар нэгэн аргаар хүнтэй л байж байхгүй бол байж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ. Уучлаарай. Энэ хорвоо дээр ганцаараа байх цаг хугацаа гэж байдаг юм шүү дээ.
Ганцаараа байж чадахгүй хүн бол тэр хүнээс хамааралтай хүн байна.Тэгэхээр хүн ганцаараа байж сурах ёстой, ганцаараа сэтгэл зүйгээ удирдаж сурах ёстой. Уйлаад, өөрийгөө удирдаж, асуудалтайгаа тулалдах гэдэг зүйлийг хийх ёстой.
Тэгээд нэг л юм болоход нэгийгээ дууддаг. Энэ ч гэсэн тийм сайн зүйл биш. Тэгэхээр бид заримдаа ганцаараа байна. Заримдаа хүмүүстэй зөвлөлдөнө. Заримдаа олны дотор өөрийгөө оруулна.
Ганцаараа байж сураагүй, үгүй гэж хэлж чаддаггүй хүн олны дунд ороод асуудал тарьдаг. Дандаа тэрхүү зөрчилтэй харилцааг үүсгэх гээд байдаг.
Энэ хүнд донтох эмгэгээс гарахад их цаг хугацаа ордог.
Даан ч тэр хүмүүс энэ донг “хайр”-тай андуураад байдаг. Хайр, давхар хамаарал, хүнд донтох эмгэгийг зааварлаж, зөвлөх шаардлага гардаг.
Амьдралыг нь дасгалжуулах хэрэгтэй болдог.
Олон удаагийн давтамжтай уулзалтын дараагаар тэр хүн ойлгож, өөрийнхөө үйлдлийг засаж залруулан “үгүй” гэж хэлж сурдаг. “Үгүй” гэж хэлээд түүнтэйгээ тулдалдана шүү дээ. 7 хоног “үгүй” гэдэг үгийг идэх хэрэгтэй болдог. Уйлна, дуулна, хашхирна. “Би санаад байна. Би гүйгээд очмоор байна” гэнэ.
Тэгсэн ч гэсэн ийм мэдрэмжтэй байгаа үедээ зөвлөгчтэйгээ яриад тэрхүү 7 хоногийг өнгөрөөж чадвал та эхний алхамаа хийчихлээ гэсэн үг.
Тэгээд цаашлаад хэн нэгэн хүн “Үгүй” гэж хэлэхэд нээх гайхахгүй, зүгээр л энгийн байж чаддаг тэрхүү эрүүл сэтгэлгээ рүү орж эхэлдэг.
-Уг үндэс нь хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцахаас эхэлдэг юм байна шүү дээ.Тэгэхээр хүүхдүүдээ хүнд донтох эмгэгтэй болгохгүйн тулд дураар нь байлгах нь зөв юм уу? Эсвэл хорих ёстойг нь хориод, тодорхой хэмжээнд хязгаарлах нь зөв юм уу?
Хүүхдүүдийг дураар нь тавьбал дунд чөмгөөрөө жиргэнэ шүү дээ.
Тэгэхээр хүмүүжлийн арга барил дээр хил хязгаар гэдэг зүйлийг л тавих хэрэгтэй. Хил хязгаар л хүүхдийг хүмүүжилтэй болгодог. Яагаад хүүхдийг 5, 6 нас хүртэл нь хөхүүлж болдоггүй юм. Хөхүүлээд л байвал ээжээсээ холдож чадахгүй, давхар хамааралтай болдог. Байгалийн жамаар 7 нас хүртэл нь хүүхдийг хөхүүлж болохгүй шүү дээ. 2 нас хүртэл мөөмөө идүүллээ, болоо. Тэр хүүхэд бие даах ёстой.
Тэгэхгүй бол хэлээ зажлаад л, хамаарлын эмгэг удаан явчих гээд байдаг. Хүүхдийг хөхүүлсэн л бол тусгаар байлгана гэдэг бие даах байдлыг нь дэмжих чухал ач холбогдолтой. Тэгэхгүй үргэлж л орооцолдоод байдаг ээжүүд байдаг.
Жишээ нь: Гэрлэчихсэн байхад ээж нь хажуунаас нь салдаггүй.
Тэгээд ирээд бэрийнхээ хажууд төвөг учруулаад, гэр бүлийнх нь дотоод асуудалд нь ороод, хүүгээ харамлаад л, уурлаад тэр гэр бүлийг сүйрүүлж байгаа байдал чинь давхар хамаарлын эмгэг. Одоо хүртэл санхүү, харилцааны хувьд ээж ааваасаа салахгүй, гэрлэсэн атлаа байнга ээж дээрээ очоод хоол хийлгэж идээд байна гэдэг чинь давхар хамааралтай байна гэсэн үг. Би дахиад хэлье. Үүнийгээ хайр гээд л андуураад байдаг. Ээж нь ч, хүү нь ч адилхан хайр гэж боддог. Гэтэл яг тийм байдалтай ээжийгээ алдвал тэр хүүхэд маш хэцүү болно, хорин хэдтэй мөртлөө амь нь тэмцдэг. Хүн энэ дэлхий дээр бие дааж тусгаар байна гэдэг маш чухал. Хүүхдэд бага байхад нь юу нь “тийм”, юу нь “үгүй” юм гэдэг хил хязгаар тавих хэрэгтэй. Тэгээд ахдаа, дүүдээ ч гэсэн “Энэ миний юм, чи миний юмыг битгий ав” гэж хэлэх ёстой. Энэ чинь хил хязгаар байхгүй юу.
Монголчууд их ах дүүсэг. Миний юм бол чиний юм.Чиний юм бол миний юм гэдэг. Энэ бол хил хязгааргүй байдал шүү. Гэрт нь очоод эгчийнхээ хувцас хунарыг өмсөөд л гараад явчихна. За яахав манайх олуулаа өссөн юм гэж тайлбарлана. Үгүй, энэ чинь дэндүү хамаарал, дэндүү хил хязгааргүй байгаа байдал учраас тухайн гэр бүл оршин тогтноход харилцааны зөрчлийг үүсгэх шалтгаан болдог. Тэгэхээр ерөөсөө ах дүүгийн харилцаа хамаарал нь энэ хил хязгааргүй байдлын уг үндэс байдаг.
Ах дүүгийн хоорондын маргаан мэтгэлцээний суурь нь тэнд явж байдаг.
Үүнээс үүдэн ах дүүс хоорондоо тангараг тасрах, бие биенийгээ үзэн ядах хэмжээнд хүртэл хүндэрдэг. Ерөнхийдөө “үгүй” гэдгийг сурах ёстой. Ялангуяа хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалахын тулд “үгүй” гэдэг үгийг маш хүчтэй хэлүүлж сургадаг. “Үгүй” гэдэг бол маш хүчтэй үг. Энэ үгийг хүчтэй хэлж байгаа хүүхдээс том хүн хүртэл айдаг. Хэрвээ “үгүй” гэдгийг сул дорой хэлвэл дээрэлхэж чадна гэсэн үг. Тэгэхээр бүх юман дээр үгүй гэхгүй, “за”гэдэг үгийг ч гэсэн зааж өгөх хэрэгтэй.
Хүн биенд чинь эвгүй байдлаар хүрвэл, доромжилвол шууд “үгүй” гэж хэлнэ гэдгийг дасгал хийж, өөрийгөө хамгаалахад хүүхдүүдийг сургавал хүчирхийллээс өөрөө өөрийгөө хамгаална. Бид нар хүүхдүүдээ 24 цаг дагаад явж чадахгүй.Тэгэхээр ялангуяа эмэгтэй хүүхдийг хүнээс хамаарах байдлыг залруулах ёстой. Уйлсан ч хамаагүй хил хязгаарыг нь зааж өгвөл тэд аяндаа сурна. Ер нь хүнд хамаарахгүй хүн маш биеэ даасан, сэтгэл зүйн хувьд тогтвортой байдаг. Харин хүнд донтсон хүн сэтгэлзүйн хувьд маш тогтворгүй байдаг. Нэг бол алтаар урсаад л эсвэл үхээд өгье гэж хэлдэг. Намайг хайрлахгүй бол би шууд үхнэ гэж хэлдэг.Энэ их савалгаатаж байгаа биз. Энэ бол маш хүнд донтсон хүнээс гардаг үг. Эмгэг учраас тэр хүн өөрийн мэдэлгүй амь нь тэмцэж, зүрх нь урагддаг. Бүр амьдармааргүй болох тийм сэдэл бий болдог. Хүн архиа уухгүй бол уурладагтай төстэй мэдрэмж тэр хүний дотор үүсдэг. Тиймээс үүнийг ямар тэнэг юм гэж загнахаасаа өмнө ойлгох хэрэгтэй. Тэгээд сэтгэлзүйн зөвлөгөө дэмжлэг авч байж тэр хүүхэд хэвийн хэмжээнд очно.“Үнэхээр үгүйлж байна. Ярих л юм бол би гараад очих гээд байна” гэх мэтээр мэдрэмжийг нь гаргуулдаг. Хүнд донтсон хүнээс гардаг өөр нэг зүйл бол гэр бүлээс гадуурх харилцаа. Хүүхэд нь өвчтэй байхад хаяад л гараад явчихдаг. Үр хүүхэд ханиа ч тоохгүй гараад явна шүү дээ. Яаж ийм хатуу үйлдэл хийж байна вэ гэхээр хүнд донтсон эмгэг үүссэн учраас ийм хариу үйлдэл үзүүлж байгаа юм. Тэгэхээр түүнийг нь ойлгоод, түүн дээр нь ажиллах юм бол тэр хүн үр хүүхдээ хайрлаад, зөв сонголт хийж чадна.
- Тэгэхээр ийм эмгэгтэй хүн зөвхөн өөрөө л тодорхой хэмжээнд шаналдаг. Харин нийгэмд нөлөөлөөд байдаггүй юм шиг байна гэж ойлголоо?
Үгүй шүү.Хүн чинь өөрөө нийгмийн амьтан.Нийгэмд хүний оролцоо гэдэг маш чухал.Тэгэхээр хүнд донтсон хүн хавь ойрынхоо хүмүүсийг шархлуулна.
Ер нь хүнд дурласан хүн сохор л болчихдог.
Тэр хүнд эрүүл ухаан байхгүй учраас эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаагаараа хохирдог. Донтсон хүн чинь ажил төрөл бүх юмаа хаядаг шүү дээ.
Хүн хүссэн ч хүсээгүй ч 10.000 хүнд нөлөөлнө. Би маш дуугүй хүн. Би хааяа л юм ярьдаг, хорхойд ч хоргүй хүн. Яг ийм хүн шиг дуугүй хүн амьдралынхаа туршид 10.000 хүнд нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг. Уучлаарай та хүссэн ч, эс хүссэн ч хүнд нөлөөлдөг. Та нийгэм, хамт олон, орчин тойрондоо нөлөөлнө.
Таны байгаа байдал хүнийг бухимдуулдаг. Таны байгаа байдал хүний уурыг хүргэдэг. Ах дүүг чинь бухимдуулдаг учраас энэ нь маш хортой.
Тэгээд ийм ээж хүүхэдтэйгээ яаж харьцана гэж бодож байна? Шууд уураар, хүчирхийллээр харьцана.Тэгээд л хүүхдүүдээ шархлуулдаг.Тэгэхээр энэ бол нийгэмд нөлөөлдөг хортой сэтгэлгээ, хортой дадал зуршил.
-Эмгэг үүсээд байна уу? гэхээр хайрлаад байдаг. Тэгэхээр эмгэг, хайр хоёроо хэрхэн ялгаж салгаад хэрвээ эмгэг туссан бол үүнийгээ хэрхэн засах ёстой вэ?
Та өөрөө өөртөө тусалж чадахгүй.Донтолтонд орсон хүн живж байгаа хүнтэй адилхан байдаг. Усанд живж байгаа хүн өөрийгөө авардаггүй байхгүй юу.Хөдлөх тусмаа улам доошоо явдаг.
Тэгэхээр гадны хоёрдагч этгээд татаж авахдаа маш болгоомжтойгоор үснээс нь татаж авдаг. Гарнаас нь татвал хамтдаа живчихдэг. Донтолтонд орсон хүн тийм хариу үйлдлийг гаргадаг учраас айх хэрэггүй. Нэгдүгээрт, хүнд донтох эмгэг, давхар хамааралтай хүмүүс дотроо “Үгүй” гэж хэлснээ гаднаа “за” гээд хэлчихдэг. Тэгээд уурлаж бухимдаад, стрестээд байвал эмгэгийн шинж тэмдэг байна гэсэн үг. Хоёрдугаарт: Таны “за” гэж хэлж байгаа үг таныг хамгаалж байна уу? Таныг хүндэлж байна уу? Таныг халамжилж байна уу? Шөнийн 2 цагт ундаа аваад ирээч ээ гэж хэлж байгаа хүнд та хайраар аваачиж өгөх гэж байна. Энэ хүний үг таныг хамгаалж байна уу? Таныг халамжилж байгаа харагдаж байна уу? Үгүй шүү дээ. За яахав хайр байж болно.Очоод тусалчих юмсан гэж бодож болно. Гэхдээ нөгөө хоёр нь “үгүй” гэж байгаа бол давхар хамаарлын эмгэгтэй байна.Эртхэн зогсоорой. Та ийм маягаар яваад л байх юм бол маш их хохирол амсана. Тийм болохоор харилцаан дотор таныг хүндэлж байна уу? Хамгаалж байна уу? Хил хязгаарыг өгч байна уу? Үгүй гэж хэлэхэд чинь хүлээн авч байна уу? Үгүй гэхэд л уурлаад л хэдэн өдрөөр утсаа авахгүй байгаа бол энэ их аюултай. Тэр хүн донтогч бөгөөд тэр хүн таныг татаж байгаа байдал байж болно. Хүн “үгүй” гэж хэлсний төлөө та тайван байж чадах уу?
Тэгж чадахгүй бол давхар хамаарлын эмгэг байх магадлалтай гэдгийг өөртөө хэлээд мэргэжлийн хүмүүс, донтолтын зөвлөгч нараас асуух хэрэгтэй. Энэ асуудал чинь тодорхой үндэстэй байдаг.
Хүнд донтож байгаа байдал бага насанд авсан шарх, ичгүүр, айдас, хэвлий дэх шарх гэх мэт олон зүйлээс үйдэлтэй учраас үүнийг эдгээхэд цаг хугацаа орно. Та өөрийгөө таньж мэдэхэд цаг орно гэдгийг мэдэх хэрэгтэй.
Хүмүүс заримдаа нэг л удаа зөвлөгөө авах гээд байдаг юм. Яахав нэг удаагийн зөвлөгөө бол эхний мэдээ өгөөд л болчихдог. Тэгээд л өргөс авсан юм шиг болно гэж ойлгоод байдаг. Үгүй шүү дээ.
Хүний сэтгэл зүй гэдэг асар том зүйл. 20, 30, 40, 50 жилийн зүйл шүү дээ.Тэд нарын нөлөөллөөр энэ хандлага, хэв загвар үүсчихээд байгаа.Таныг дотроос чинь зовоогоод байгаа.Тэгэхээр та хүнд “үгүй” гэж хэлж чадах уу, тантай харьцаж байгаа хүмүүсийн хандлага таныг халамжилж, хайрлан, үнэлж байна уу? гэдгийг та дандаа шинэчилж байх ёстой.
Яагаад шөнийн 2 цагт намайг тийм юм ав гэж хэлж байгаа вэ? Би архи уучихсан байна. Намайг ирж ав гэж хэлж байгаа вэ? Нээрээ хайрлаж байна уу? Үгүй байхгүй юу? Тэр хүн өөрийгөө хамаатуулсан байна.Тэр хүн насанд хүрсэн хүн.Өөрөө сонголтоо хийсэн.Тэр байдалдаа хариуцлагаа өөрөө үүрнэ шүү дээ.Уг нь дуудлагын такси дуудаад төлбөрөө төлөөд өөрөө ирэх ёстой байхгүй юу. Гэтэл Монгол ээж нар тэгдэггүй шүү дээ.Өмнөөс нь төлбөрийг нь төлөөд, маргааш нь шарыг нь тайлж өгөөд, хэрвээ эрүүлжүүлэхэд орчих юм бол мөнгийг нь төлөөд буцааж авна.
Энэ бүгд хамаарал.Тэгээд энэ хамаарлаас тэр хүн архинаас гарахгүй, та ч амар тайван байхгүй.
Баярлалаа.
Ярилцсан Н.Энхдэлгэр