Манай улсын ГХЯ-ны ажилтнууд Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайдыг Болгар улсын төрийн далбаатай угтжээ
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто манай улсад өчигдөр айлчилж, 33 ширхэг амьсгалын аппарат бэлэглээд явлаа. Тус улсын хувьд 1950 оны буюу 70 жилийн өмнө манай улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1957 онд Улаанбаатар болон Будапешт хотуудад Элчин сайдын яамдаа нэээж байсан олон жилийн түүхтэй, найрсаг харилцаатай.
Гэтэл 70 жилийн энэ улс төрийн харилцааг манай Гадаад харилцааны яамны хэн нэг хариуцлагагүй ажилтнаас болж сэвтүүлж мэдэх маш том алдаа гарсан нь Унгар улсын гадаад харилцааны сайдыг тус улсын далбаа ч биш бүр Болгар улсын далбааг буруу харуулж өлгөөд угтсан явдал байлаа.
Унгар улсын далбаа УЛААН, ЦАГААН, НОГООН өнгө дараалсан байдаг. Харин Гадаад харилцааны яамны төв хаалганы дэргэд байрлуулсан далбаа УЛААН, НОГООН, ЦАГААН гэсэн дараалалтай бөгөөд Болгар улсын далбаа харагдаж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг буруу улсын далбааг буруу байрлуулсан ажилтанд хариуцлага тооцох чиглэл өгсөн гэх. Гэхдээ энэ ингээд өнгөрөх асуудал хэрхэвч биш. Манай улсаас тус улсад суугаа элчин сайдын яам, элчин сайдынхаа нэр нүүрийг барсан эл хариуцлагагүй үйлдлийн өмнөөс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат уучлал гуйх ёстой.
Манай улсаас Унгарт суугаа, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Батбаярыг элчингээр суухаас өмнө жил бүр 200 монгол хүүхэд тэтгэлгээр суралцах боломж нээгдэж эхэлж байв. Одоо ч амжилттай үргэлжилж яваа. Түүнчлэн саяхан амьсгалын аппарат хүртэл Унгараас нийлүүлэх асуудал шийдлээ олсон.
Унгарууд монголчуудад Сонгино дахь Биокомбинатыг байгуулж өгсөн. Мөн 1950-1980 оны хооронд Монгол Улсад олон тооны гүний худаг гаргаж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бэлчээрийг услах ажлыг хийж байсан түүхтэй. Өнгөрсөн 2015 онд тус улсын Ерөнхийлөгч манайд айлчлахдаа, уул уурхай болон бэлчээрийн усалгаа, Улаанбаатар хотын усны хэрэглээг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.
Эх сурвалж: Б. Цэлмэг