“Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 9 дэх өдөр буюу 8 дугаар сарын 01-нд Монголын баг тамирчдаас буудлага спорт, бокс, чөлөөт бөхийн төрөлд тус бүр нэг тамирчин онч мэргэнээ болон хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Өнөөдөр өглөө 07 цаг 30 минутад эрэгтэйчүүдийн 25 метрийн олимпын хурдан буудлагын урьдчилсан шат эхэлнэ. Нийт 27 тамирчин өрсөлдөхөөс Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11 цаг 30 минутаас эхлэн дасгалаа гүйцэтгэнэ. Монголчууд уг дасгалаар олимпийн наадамд анх удаа оролцож байгаа юм.
Олимпын хурдан буудлагын нэг онцлог нь үргэлжлэх тусам буудах хугацаа багасаад байдаг. Тухайлбал, эхний таван сумаа найман секундэд амжиж буудах бол дараа нь энэ хугацаа зургаа, дөрвөн секунд болон багасна. Дөрвөн секундэд таван сум буудна гэдэг тамирчдаас багагүй ур чадвар шаардах нь тодорхой. Энэ төрлийн финалын буудлага 8 дугаар сарын 2-ны 13 цаг 30 минутаас эхэлнэ.
Монголын боксдоос ганцаараа тунан үлдсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 цаг 48 минутаас Оросын тамирчин Алберт Батыргазиевтай медалийн төлөөх тулаанаа хийнэ.
Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд гурван тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялсан боксчин. Олимпын аварга болчихоод мэргэжилд шилжих том амбийц тээж яваа. Ташрамд дуулгахад Монголын боксчид сүүлийн 3 олимп дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Монголын спортын төрлүүдээс анхлан олимпын медальт тамирчдыг төрүүлсэн чөлөөт бөхийнхөн Токиогийн олимпын дэвжээнд хүчээ сорьж эхэлнэ.
Чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр хашир туршлагатай тамирчин О.Бурмаа хүч үзнэ. Тэрбээр эхний даваанд Японы туршлагатай бөх Хироэ Минагаватай барилдах сугалаа татжээ.
Түүний өрсөлдөгч ДАШТ-ээс мөнгө, хүрэл, Азийн наадмаас мөнгө, Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай. Чөлөөтийн барилдаанууд өглөө 10.00 цагт эхлэх бөгөөд манай бөх тав дахь барилдаанд дэвжээнд гарах юм.
Эхний өдөр хагас шигшээ хүртэлх барилдаанууд болж, аваргын төлөө хүч сорих хоёр бөхийн нэр тодорхой болно. Харин маргааш нь дагах болон медалийн төлөөх барилдаанууд явагдах юм.