ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаарджээ
О.Цогтгэрэл даргатай АН цагдаагийн албан хаагчид иргэдийг яргалан зодсонтой холбоотой асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд: "Цагдаагийн алба хаагчид иргэдийн эсрэг хүч хэрэглэж эрүүдэн тарчлаасан, түүгээр ч зогсохгүй амь насыг нь бүрэлгэсэн үйл явдлыг гэрчлэх видео бичлэгүүд ил болж нийгмийн сүлжээгээр таран олон түмнийг цочирдуулах боллоо.
Хүний эрх ийнхүү ноцтойгоор зөрчигдөж хуульт ёс алдагдаж буйд бид туйлын их харамсаж байна.
Мөн түүнчлэн уг салбарыг удирдаж үзэл санаа, хандлагын манлайлал үзүүлж ажиллах учиртай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна.
Монгол Улсад хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлооход хууль сахиулах байгууллагын шинэчлэл нэн чухал болохыг эдгээр үйл явдал дахин дахин нотлон харууллаа.
Ардчилсан намын Засгийн газрын эхлүүлсэн хууль, шүүхийн байгууллагын шинэчлэлийг МАН-ын эрх баригчид сүүлийн жилүүдэд үгүйсгэн ухраасны уршиг ийнхүү улам бүр томорч хорт хавдар мэт буглаж байна.
Энэ байдлын эсрэг Ардчилсан нам тууштай тэмцэж хүний эрхийг хамгаалах, төрийн бурангуй үйл ажиллагааг хязгаарлахын төлөө ард түмнийхээ талд бат зогсох болно." гэжээ.