Хурандаа Д.Манлайбаатар: Цагдаа иргэнийг зодсон хэргийг бид хоёр жилийн дараа цахим орчинд ил болохоор нь л мэдлээ
Цагдаагийн хоёр албан хаагч иргэдийг зодож, танхайрч байгаа бичлэг өчигдөр /2021.07.30/ цахим орчинд цацагдаж, шуугиан тариад байна.
Эл асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарлаа хандуулж, хэргийг яаралтай шалгаж, тухайн хоёр цагдаад хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосон. Энэ дагуу ЦЕГ-аас дотоод шалгалтын ажиллагааг эхлүүлж, тухайн хоёр цагдаад хэрэг үүсгэж, хэргийг шалгаж эхэлсэн талаар өмнө мэдээлсэн билээ.
Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас мэдээлэл хийлээ.
Тэдний өгсөн мэдээллээр уг бичлэг нь 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийнх аж. Тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн хоёр албан хаагч иргэдийн эрүүл мэнд, биед халдсан болох нь тогтоогджээ. Улмаар хэргийн нуун дарагдуулсан байсан нь уг бичлэгээр ил болсон байна.
Энэ талаар ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар "Өчигдөр 21:00 цагийн үед цагдаагийн албан хаагч иргэдийн биед халдаж байгаа бичлэг цацагдсан. Энэ үйлдэл нь 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн бичлэг. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт болсон. Нэр бүхий иргэдийн биед халдсан нь тогтоогдсон. Бүртгэлд оруулалгүй, нуун дарагдуулсан байсан. Шалгах ажиллагааг дотоод албаны хүрээнд хийгдлээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн. Улмаар прокурорын хяналтад АТГ-т шалгуулах саналыг хүргүүллээ" гэх мэдээллийг өглөө.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.