Арьс өнгөний үзэл гаргасан Германы дасгалжуулагч олимпоос хөөгджээ
Германы дугуйн спортын шигшээ багийн дарга, дасгалжуулагч Патрик Мостер ажлаасаа халагдаж, Токиогийн олимпын наадмыг ойрын хугацаанд орхин явах хэрэгтэй болжээ.
Германы үндэсний олимпын хорооноос мэдээлснээр дасгалжуулагч Мостер арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргаснаасаа болж халагдсан байна.
Германы үндэсний олимпын хорооны тэргүүн Альфонс Хёрманн “Түүний арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэлснийхээ төлөө олон нийтээс уучлалт гуйж байгаад чин сэтгэлээсээ итгэж байна. Гэхдээ Мостер хэлсэн үгээрээ олимпын үнэт зүйлийг зөрчсөн. Шударга тоглолт, хүндлэл, тэвчээр бол Германы шигшээ багийн үндсэн зарчим” гэжээ.
Олимпоос хөөгдөж байгаа дасгалжуулагч дугуйн уралдааны үеэр Алжир болон Эритрей улсын дугуйчдыг доромжилсон байна. Германы дасгалжуулагч “Эдгээр тэмээчдийг гүйцээрэй, гүйцээрэй” хэмээн өөрийн улсын тамирчнаа дэмжин хэлжээ.