Хятадын тэрбумтан 18 жилийн ял авлаа
Хятадын хөдөө аж ахуйн орон нутгийн магнат, гахай үржүүлгийн аж ахуйгаараа баяжсан Сунь Давуд “таагүй асуудлыг өдөөн” хэргээр 18 жилийн хорих ял оноосныг The Guardian-д мэдээлжээ.
Бизнесмэнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд эхнэр, хоёр хүү, бэрүүдийнх нь хамт саатуулсан байна. Ингээд хэдэн долоо хоногийн турш нууц шүүх хуралдаан явуулсны эцэст ял оноожээ. Шүүхээс Сунь Давуг төрийн байгууллагууд руу олон хүн халдах ажиллагаа зохион байгуулсан, төрийн албаны үйл ажиллагаанд саад болсон, хэрүүл маргааныг дэвэргэж, таагүй асуудлыг өдөөсөн гээд 18 жил хорихоор болсон аж.
Хятадад хүний эрхийг хамгаалагчид, босогчдод улс төрийн мөрдлөг шалгалт явуулахдаа эрүүгийн хэргээр ийм нэр томъёог байнга ашигладгийг The Guardian-д тэмдэглэсэн юм.
Энэ төрлийн мөрдлөг шалгалт нь уг тэрбумтан Хятадын босогчидтой эртнээс нөхөрлөдөгтэй холбоотойгоор авсан өс хонзон байж болзошгүй хэмээн Хятадын хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ. Ийм холбоо сүлбээ нь цаашдаа Хятадын сөрөг хүчнийхэнд чиглэсэн хатуу бодлогын бай болдог.
СуньДаву нь Dawu Agricultural and Animal Husbandry Group-ыг үүсгэн байгуулагч. Түүний олон тэрбумын бизнес 9000 хүнийг ажлын байраар хангадаг аж. Бизнесмэн өөрсдийнхөө ажилчдаар тусгай хот бий болгож, хөдөөгийн шударга нийгмийг тэндээ суурьшуулжээ. Энэ хотод иргэд нь эрүүл мэндийн үнэгүй буюу хөнгөлөлттэй үйлчилгээ авч, үнэ төлбөргүйгээр сурч боловсрох, зугаацах эрхтэй юм байна.