Цогт оо, чи бол бодит үлгэрлэл!
Аавын хүү ийм хөөрхөн. Гаргасан амжилтаараа аавдаа талархаж байна. Аавынхаа хүслийг биелүүлсэндээ өөрөө баярлаж байна.
Таван жилийн өмнө Риогийн олимпод ялагдчихаад хогийн савны хажууд уйлаад сууж байсан 20-хон настай хөөрхөн хүүг Монгол түмэн маань бүгдээрээ өрөвдсөн, дагаад өхөөрдсөн, давуулаад хайрласан. Бас сөрөг үг шидэх амьтад ч байлаа бла бла бла...
Тэгвэл унаж болдог ч бас босч чаддагаа Ц.Цогтбаатар амьдрал дээр харууллаа. Чингис хаан нэг ялагдсан дайсандаа хоёр дахиа ялагдаагүй юм гэдэг, нэг гаргасан алдаагаа нэмж дахиад давтаагүй юм гэсэн. Гагцхүү ухаанаар ааглаж, ураар зодож ялж байсан түүхтэй. Энэ бол "Монгол ген".
Тэгвэл Цогтоо дүү яг л ийм байлаа. Риогийн ялагдлынхаа маргааш нь нулимсаа арчин босч, нуруугаа цуцтал үүрээгээ бэлдэж, гараа сарвайтал өмсөөгөө давтаж. Бэлдсээр, бэлдсээр 2021 онд карьерийнхаа оргил формдоо хүрсэн байна. Хүрсэн учраас хоёр ч Их дуулгад түрүүлсэн юм шүү. Торгон мэдрэмж гэж энийг л хэлэх биз ээ.
Токиод очоод яав? Монгол удмаа харуулж ухаанаараа барилдлаа, ураараа үзэлцлээ. Долоон жилийн босоо аварга Онотой хийсэн барилдаан үүнийг харуулсан. Учраагийнхаа давуу талыг баглан хориглож үзэлцлээ. Хорьчихоод өөрийнхөө бодсоныг хийж өрсөлдлөө. Тэгж чадсан учраас аугаа аваргыг цаг сунгаж барилдуулан махыг нь идэж, зовлогыг нь зовоолоо.
Хүрлийн төлөөх барилдаан бол ванлий, ванлий. Жүдогийн нэвтэрхий тольд бичигдэх учиртай барилдааныг хийлээ шүү. Гарлаа, Өрлөө, Давлаа. Домогт Мөөеө аваргын дархан барилыг Дэлхийн дэвжээнд мөнхлөн дархаллаа, Цогтоо маань. Хор шар, эрч хүч, бодол ухаан, тооцоо хяналт, ур техник, гүйцэтгэл төгсгөл гээд тамирчин хүнд байх учиртай бүхий л өгөгдлийг тэрбээр хүрлийн төлөөх хэдэн секундэд л төгсөөр нь харууллаа.
Цогтоо Канадын учраагаа нам өчиж байх тэр ахуйд таван жилийн өмнө гундаад сууж байсан төрх нь нүдний урдуур гүйлээ шүү. Өчигдөр харамсаад уйлж суусан хүү өнөөдөр баярлаад уйлж гүйхийг харах үнэхээр сайхан байна. Энэ залуу унасан бол босох ёстойн үлгэр боллоо. Өмнөх ялагдлаа мартуултал ялах учиртайн ч жишээ боллоо.
Цогтоо минь эх орондоо яаран, яаран ирээрэй. Монгол орон тань буцалж байна, Монгол түмэн чинь огшиж байна.
Жалсрайн БАЯРЖАРГАЛ