Арчаатай эмэгтэй ба арчаагүй эмэгтэй
Арчаатай, мундаг, хүчирхэг эмэгтэй гэдэг нь АМЖИЛТАД хүрсэн эмэгтэй биш ээ. Биеэ үргэлж гоё авч явдаг хүүхнүүд ч биш. Гэр бүлийнхээ төлөө, ажлынхаа төлөө өөрийгөө золиослох зоригтой, гадаад байдлаасаа болж гоочлуулахаас эмээдэггүй, нийтийн таашаалд зохицох гэж зовдоггүй, төвшин төлөв зантай, үг хэлээ цэгнэж мэддэг хүүхнийг хэлнэ. Тэднийг л “ямар COOL юм бэ!” гэж боддог шүү.
Эмэгтэйчүүд нэгнээ АРЧААТАЙ, АРЧААГҮЙ гэж "ангилах" нь бас ХҮЧИРХИЙЛЭЛ юм. Хүчирхийлэл гэдэг бол АТААРХАЛ. Хүчирхийлэл гэдэг бол ХОРОН ЗАН, ГҮТГЭЛЭГ. Хүчирхийлэл гэдэг бол цуурхал, хов жив.
Тийм ээ, ЭМЭГТЭЙЧҮҮД БИД Ч ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ хүчирхийлдэг. Үг яриагаараа! Сонжооч, шооч харцаараа!
Эмэгтэйчүүд бид эмэгтэйчүүдээ төдийгүй өөрсдийгөө ч хүчирхийлдэг. Сайхан харагдахын тулд золиос хэрэгтэй гэдэг үгийг хэчнээн ч уншив даа. “Гоё байхын тулд гоо сайхны эмчилгээний өвдөлтийг ч тэсэх ёстой!!! (гэх мэт) Ядуу, царай муутай, муухай харагдчих вий гэхээс үхтлээ айдаг нь бидний бас нэгэн ЭРХ чөлөөгүйдэл юм.
Ер нь, бусдын ГАДААД ТӨРХ-ийг ХЭТ анхаардаг хүн л өөрийн гадаад байдалд ХЭТ анхаарах магадлал өндөр. Гэтэл бусдын гадаад байдалд ач холбогдол өгдөггүй хүн өчнөөн олон бий. Жишээлбэл, над мэтийн хүмүүс бол: хэт дэгжирхсэн, гадаад байдалдаа дэндүү анхаарсан, ёолкны мод шиг эрчүүд, хүүхнүүдийг огтхон ч хүндэлдэггүй. Хоосон хүн л дүүрэн харагдах гэж их хичээдэг.
Атаагүй, ХОРОН зангүй (энэ маш чухал!) зөв хүмүүжилтэй хүүхнүүдийг л жинхэнээсээ насанд хүрсэн эмэгтэй гэж хэлнэ. Учир нь ийм эмэгтэйчүүд оюун санааны ХҮЧИРХЭГ дархлаатай төрсөн байдаг. Тэд өөрөөсөө өөр байх гэж хичээдэггүй, ӨӨРТӨӨ АМАР байж чаддаг.
50 настайдаа биеийн жин ямар байгаа нь хүнийг тодорхойлохгүй. Том компани байгуулсан, олон зохиол бичсэн эсвэл ном орчуулсан, алдаршсан энэ тэр бол сүйдтэй юм биш. Харин энэ хүртэлх насандаа ЭМЭГТЭЙ ХҮН та бодлогогүй үг яриагаараа хэдэн хүнийг гомдоосон, хэдэн хүний ариун нэр төр, зүрх сэтгэлд халдсан, хараан зүхсэн бэ гэдэг л таны “ҮЗҮҮЛЭЛТ”. Бид бүгд амны алдас хийдэг л дээ. Гэхдээ энэ тоо бага байх тусмаа амжилт юм. Тодруулбал, НҮГЭЛ бага үйлдэж амьдарсан бол тэр жинхэнэ АМЖИЛТ.
Гэвч ХҮЧИРХИЙЛЭЛ-ийг зөвхөн эм хүйстэн хүртдэггүй. Эрчүүд цэрэгт “дэглүүлэн” өрөөл татанхай болж, хөвгүүд гудамжинд зодуулж, лам хөвгүүд хүртэл ариун номын өргөөндөө хүчиндүүлж, аавууд ажил дээрээ дээрэнгүй дарга нарт дарамтлуулан хүчирхийлүүлэх нь бий.
“Мөнгө бага олдог, арчаагүй” гэдэг үгээр ямагт хатгуулдаг эрчүүд ч эхнэртээ тасралтгүй загнуулж, яс янгинтал яншихыг нь (Урианхай зохиолчийн үг шүү!) хүлцэх хэрэг гардаг нь хүчирхийлүүлж буй хэрэг мөн. Хүчирхийлэл мунхаглалаас төрдөг, бүх цаг үед байсан, энэ дэлхийн бүх улс оронд ялгаагүй. Хүний мөн чанартай холбоотой асуудал. Энэ үгийг өргөн утгаар ойлгохын цагт эмэгтэйчүүд бид ч нэгнээ хүчирхийлдгийг анзаарна.
АРЧААТАЙ эмэгтэй та АРЧААГҮЙ эмэгтэй байдаггүйг ойлго! Тухайн хүн юунд БҮХ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ зориулчихаад яваагаас л шалтгаалж байгаа. Байнга гоё байх нь байнга зураг зурахаас амархан.
“Гялалзаж” харагдах сонирхолгүй, шашинлаг хүүхнийг арчаагүй гэж дүгнэвэл мунхаг явдал болно. Тэгээд ч олон юмыг зэрэг амжуулдаг гоё хүн байхаас САЙН ХҮН байх нь илүү хэцүү. Дотоод хүч ихтэй, жинхэнэ COOL хүүхнүүд бусдад бараг анзараагддаггүй. Тэд юм юмыг амжуулах чадваргүйдээ биш тийм сонирхолгүйдээ л энгийн байдаг. Даруу санагдах гэсэндээ л үнэтэй хувцаснаас татгалзсан юм биш, угаасаа том зорилготой хүнд бусад бүх зүйл жижиг санагддаг болчихдог. Зорилго нь л таашаал нь болоод хувирчихсан хүмүүсийг бид шүүж хүчрэхгүй!