Ардын хувьсгалын 100 жилийн ойг хойшлуулсан учир баяр наадам тэмдэглэхгүй
Ирэх наймдугаар сарын 10-нд үзэгчгүй бөх барилдуулж, морь уралдуулна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа.
Энэ сарын 21-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадна талбайд явагддаг спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах чиглэлийг УОК-т өгсөн байдаг. Энэ хүрээнд УОК өнгөрсөн долоо хоногт хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт УОК-ийн хоёр удаагийн хуралдаан болсон. Энэ хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагад үзүүлж буй тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Нөгөөх нь хичээлийн шинэ жилд бэлтгэх шаардлагатай зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн. Засгийн газрын шийдвэрээр улсын болон зүүн бүсийн, аймаг сумдын ойг тэмдэглэхийг тодорхой хугацаанд хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, Ардын хувьсгалын 100 жилийн ойг ирэх жил хүртэл хойшлуулсан учир ямар нэгэн баяр наадам тэмдэглэх ойлголт байхгүй. Зарим нэг спортын тэмцээнийг үзэгчгүйгээр гадна талбайд зохион байгуулах чиглэл ирсэн” гэв.