SONIN.MN
Монгол ахан дүүсдээ хүргэх өчил үгс
Миний бие төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр хий бухимдсаар дуугүй байж чадалгүй та бүхэнтэйгээ үзэл бодлоо хуваалцахаар үүнийг бичиж байна.
Монголчуудаа бид хэдий болтол ингэж харанхуй, мунхаг амьдрах вэ? Цаг хугацаа биднийг хүлээхгүй, өршөөхгүй! Бид эх орныхоо тусгаар тогтнолыг алдахад тун ч ойрхон боллоо! Гэвч бидэнд гарц буюу аврал байна. Энэ бол нийгэм, эдийн засаг, улс төрийн жинхэнэ ардчилсан хувьсгал!!!
Энэ хувьсгалыг яаж хийх нь тусдаа том асуудал. Хувьсгалаар тоглож болохгүй. Хувьсгалыг маш сайн бодож, төлөвлөж хийхгүй бол тэр нь хэрэг дээрээ хувьсгалаар тоглосон болно. Тоглоом ч биш шоглоом л юм. “90 он” давтагдана гэсэн үг. За энэ бол тусдаа том сэдэв тул дараа болъё.
Харин одоо яагаад бидэнд заавал хувьсгал хэрэгтэй байна? гэдгээс эхэлье. Монголчууд: Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг. Бид бие болон гэрээ зассан уу? Төрөө зассан уу? Сүүлийн 30 жил бид төрөө зөв төвхнүүлж чадсангүй. Үр дүнг нь бид харж л байна. Яагаад бид үүнийг 30 жил хийж чадсангүй вэ? Одоо болон цаашид бид төрөө зөв сайхан төвхнүүлж чадах уу? Улс төр, нийгэм, эдийн засгийн жинхэнэ ардчилсан хувьсгалгүйгээр зуун жил болсон ч ямар ч ахиц гарахгүй.
Бид өнөөгийн улс төрийн тогтолцоо, сонгуулийн хуулийг бүрэн шинэчлэхгүйгээр цааш явах боломжгүй! Сонгуулийг улс төрийн нам гэгч хуйвалдааны бүлэглэл, мөнгөний нөлөөллөөс бүрэн чөлөөлөөгүй цагт шудрага сонголт хэзээ ч болохгүй. Бас сонгуулийн санал хураалт ил тод байх ёстой. Нууц санал хураалт бол сонгуулийг луйвардах гол арга нь.
Дашрамд хэлэхэд энд миний ярьж байгаа зүйл бол дэлхийд байхгүй шинэ санаа гэдгийг ойлгоорой. Учир нь дэлхий даяараа л сонгуулиа буруу явуулж байгаа бөгөөд үүнээс чинь болж л ардчилал дэлхийд хэзээ ч, хаа ч бий болоогүй юм. (Ардчиллын талаар бас дараа тусад нь яръя. Учир нь энэ талаар хүмүүс их буруу ойлголттой байх шиг санагддаг)
Манай өнөөгийн улс төрийн тогтолцоо, сонгуулийн хууль үйлчилж байгаа нөхцөлд төрд хамгийн зальтай, шунахай хүмүүс л шургалах боломжтой. Мэдлэг чадвар бол огт хамаагүй. Хүмүүс бүх шатанд л ажил, сургуульд ороход заавал ямар нэгэн шалгуурт тэнцэж, даван туулах хэрэгтэй байдаг. Тэгсэн хэрнээ төрийн дээд эрх барихад мэдлэг, чадварын шалгуур байхгүй болдог. Тархи нь ажилдаггүй тэнэг байх нь огт хамаагүй. Энэ бол хүн төрөлхтний маш том тэнэглэл бөгөөд ардчилал, эрх чөлөө гэдгийг буруу ойлгуулж утгагүй байдалд оруулж улс төрийн нам гэгч хуйвалдааны бүлэглэл, зальхай луйварчдад мөнгөний тусламжтайгаар төрийн эрх мэдлийг гартаа оруулах боломж олгож байгаа юм (Улс төрийн намуудын мөн чанарын талаар бас тусад нь ярихаас өөр аргагүй)
Өнөөдөр бид улс төрийн намгүй амьдрах бүрэн боломжтой. Техник, технологи хөгжөөгүй, мэдээлэл хомс, ард түмэн бичиг үсэгт тайлагдаагүй харанхуй цаг үед улс төрийн намуудын үүрэг байсан. Тэр үед тэд ард түмэнд мэдээлэл түгээж, бодлогоо танилцуулж, сэхээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байв. Өнөөдөр бидэнд тэдний хэрэг алга. Зөвхөн ухаалаг гар утас байхад л бид аль ч мэдээллийг авч, дэлхийн аль ч өнцгөөс хоорондоо санал бодлоо солилцож, эвлэлдэн нэгдэх боломжтой. Бид боломжоо бүрэн гүйцэд ашиглахгүй, ямар цаг үед амьдарч байгаагаа ухаарахгүй, гар утсыг зугаа цэнгэл, хов живийн хэрэгсэл болгон ашиглаж байна.
Бид сонгуулийг улс төрийн нам гэгч хуйвалдааны бүлэглэл, мөнгөний нөлөөллөөс бүрэн ангижрах боломжийг олгосон цоо шинэ, жинхэнэ ардчиллын нөхцөлийг хангасан сонгуулийн хуулийг боловсруулах хэрэгтэй. Энэ бол тун энгийн. Тухайлбал: Их хурал болон бүх шатны сонгуульд сонгуулийн эрх бүхий монгол улсын иргэн хэн ч бай өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлж болно. Ингэвэл аль нэг намд харьяалагдаж хуйвалдан тэдний дөнгөнд орж явцуу бүлгийн ашиг сонирхолд үйлчлэх хэрэггүй болно. Бас мөнгөний хэрэггүй. Гагцхүү аль ч шатны сонгуульд нэрээ дэвшүүлэгч нь хуулинд заагдсан нөхцөлүүдийг хангасан байх үүрэгтэй. Эс бөгөөс төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан яланд унах болно. Хуулинд заах нөхцөлд насны хязгаар болон мэргэжил, чадвар, туршлагыг тусгасан байх жишээтэй. Тухайлбал: Улсын их хуралд нэрээ дэвшүүлэгч нь 40-65 насны хууль эрх зүйн мэргэжилтэй, мэргэжлээрээ 5 - аас доошгүй жил ажилласан монгол улсын иргэн байх жишээтэй.(Их хурал бол хууль тогтоох, төрийн дээд эрх барих байгууллага тул тэнд хуулийн мэргэжилтэй хүн ажиллах ёстой) Их хурал буюу төрийн эрх барих эрх боломжийг хэн дуртайд нь биш, хэн мөнгөтэйд нь биш хэн сэтгэлтэй, чадвартай нь өгөх ёстой. Нэрээ дэвшүүлэгчид нь бүгд мэргэжил болон монгол хэл, ерөнхий мэдлэгийн шалгалтад орох ёстой. Хамгийн дээгүүр оноо авсан тодорхой тооны хүмүүсийг сонгуулийн тойргууд дээр нэг мандат дээр хэдэн хүн өрсөлдөхөөр ч бай зохион байгуулж болох юм.
Санал хураалтыг ил тод явуулах бол тун амархан.... Энэ бүхнийг бүгдийг бичиж барагдахгүй. Гол нь бид сонгуулийг жинхэнэ юунаас ч хараат бус чөлөөтэй шудрага болгох явдал юм. Засгийн газрын сайд нарыг дээрээс томилох бус дороосоо сонгох хэрэгтэй. Ингэхдээ тухайн яамны сайдыг зөвхөн тэр салбарын ажилтад дундаасаа нөгөө л чөлөөт бие даасан өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлэх зарчмаар сонгох нь зүйтэй. Жишээ нь эрүүл мэндийн сайдыг зөвхөн эрүүл мэндийн салбарт ажиллагсад дундаасаа сонгох жишээтэй. Үүнд бол бусад салбарт ажиллагсад амаа татаад дуугүй байх нь зүйтэй. Зөвхөн тухайн салбарт ажиллагсад л дотроосоо хамгийн шилдэгээ сонгох чадвартай.
Бид төрийн эрх мэдэл, албан тушаалыг мэдлэг, чадваргүй, сэтгэлгүй, хувийн ашиг хонжоо хайгчдаар дүүргээд байгаагаас болж улс орон маань хөгжиж чадахгүй, ард түмний амьдрал дээшлэхгүй байна. Дээдэх нь суудлаа олохгүй болохоор, доодох нь гүйдлээ олохгүй байна.
Энд яригдсан агуулгаар сонгуулийн хуулийг боловсруулахад манай үндсэн хуулийн төрийн бүтцийн тухай 3-р бүлэгтэй зөрчилдөх тул түүнийг бас өөрчлөх шаардлагатай. Манай үндсэн хууль тийм ч муу хууль биш гэхдээ харж үзэх зүйлүүд байгаа.
Ингээд шинээр засварлаж өөрчилсөн, цоо шинэ сонгуулийн хуулийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд түүнийг их хурлаар баталж амь оруулах ёстой. Үүнийг манай одоогийн төр яагаад ч батлахгүй. Учир нь эдгээр хуулиуд нь манай өнөөгийн улс төрийн тогтолцоог бүрэн өөрчилөх агуулгатай байх юм. Тиймээс бид төрийг татан буулгах хэрэгтэй болно. Энэ бол хувьсгал. Гэхдээ зөвхөн төрийг татан буулгах нь хангалтгүй бөгөөд бид хууль эрх зүйн бүрэн шинэчлэл (реформ), хийж нийгмийн амьдралыг бүрэн өөрчлөх ёстой юм. Бид ямар нийгмийн харилцаатай байх нь бас л энд бичиж барагдахгүй. Ямар ч байсан жинхэнэ ардчиллыг утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Монгол улс өнөөдөр хувьсгалд бэлэн биш байна. Бухимдал бол хангалттай. Гэхдээ юу хийхээ мэдэхгүй, цаашид ямар нийгэмд яаж амьдрах, төр засгаа яаж төвхнүүлэх, хувьсгалт өөрчлөлтийг ямар замаар яаж хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөгөө боловсруулаагүй, удирдан чиглүүлэх цөм нь бүрэлдээгүй байхад тэмцэлд уриалах хэрэггүй. Хувьсгалаар тоглохгүй шүү!!!
90 оныг давтаж болохгүй!!! Зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр ард түмний хурлыг зарлан хуралдуулаад үр дүн гарахгүй. Хувьсгал хийхэд зөвхөн дотоод хүчин зүйл бус бас гадаад хүчин зүйлийг ч маш сайн тооцоолох ёстой. Жишээ нь өнөөдөр бид хувьсгалт тэмцлийг эхлэхэд гадны аль ч сонирхогч хүчин Монголын ардчиллыг хамгаалах нэрийн дор цэрэг оруулахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бидэнд боломж бий. Боломж үргэлж байдаг. Гагцхүү бүх үйлдлийг алдаагүй зөв хийж байж л амжилтад хүрнэ.
30 жил Монгол улс төрийн тогтвортой бодлогогүй, төргүй явлаа. Өнөөгийн улс төрийн тогтолцооны нөхцөлд энэ нь боломжгүй юм. 4-хөн жилийн хэмнэлтэй төрийн бодлого байж болохгүй. Төрийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлэхэд маш амархан. Бид байнгын ажиллагаатай, сонгууль, томилгоогоор бус сонгон шалгаруулалтаар бүрдсэн төрийн бодлогын институт буюу хүрээлэнтэй байх хэрэгтэй. Тэнд манай хамгийн шилдэг эрдэмтэн, мэргэд монгол төрийн ойрын болон хэтийн гадаад, дотоод улс төр, эдийн засгийн бодлогыг боловсруулж их хурал түүнийг нь баталж, засгийн газар хэрэгжүүлэх болно. Аль ч нам үүнийг хийх чадваргүй гэдгийг батлан хэлье. Засаг төр тогтвортой, тогтворгүй байх нь асуудал бус төрийн бодлого тогтвортой байх нь чухал. Засгийн газар ч бай, их хурал ч бай төрийн бодлого боловсруулах шаардлагагүй бөгөөд чадамжгүй юм. Энэ хоёрын аль нь ч тогтвортой ажиллагаагүй. Бүрэлдэхүүн нь үргэлж солигдож, халагдах болно. Ажлаа хийж чадаагүй хэн нь ч солигдож байг төрийн бодлого тогтвортой, хийх ажил нь тодорхой байхад шинээр сонгогдсон хүн сүрхий ухаантан болж элдэв бусын зүйл донгосох шаардлагагүй.
Их хурал болон засгийн газрын эрх, үүргийг хуулиар нь тодорхой зааж өгөх хэрэгтэй. Төрийн дээд эрх барина гэдэг нь бүх асуудалд оролцоно гэсэн үг биш. Зөвхөн ямар эрх олгогдсон түүнийгээ л хийх хэрэгтэй. Их хурлын гишүүний халдашгүй эрх гэдэг бол ардчиллын зарчимд үл нийцэх зүйл. Мөн түүнчлэн их хурлын гишүүд хууль санаачилж боловсруулах бус тэд хуулийг батлах ёстой. Уншсан хуулиа ойлгодог байх хэрэгтэй. Хуулийг доороосоо амьдралд ойр цэгээсээ санаачилж боловсруулан дээш нь өргөн барьж батлуулбал арай амьдралд ойр, хэрэгжих боломжтой байх болов уу?
Дээр өгүүлсэн бүх асуудлаар надад бодсон, санасан зүйл хангалттай байх бөгөөд энд бичээд барагдахгүй тул сонирхсон хүмүүстэй үзэл бодлоо солилцоход бэлэн байна. Миний санаа хүмүүст хэрэггүй бол би ч цагаа үрэхийг хүсэхгүй.
Нийтлэлч Ламжавын Адилбиш (АНУ, Чикаго хот)