Алив бос, эр хүн чи!
Ялахын цагт бүгдээрээ галзуу найзууд. Унахын үед цугаараа таньдаг төдий л нөхдүүд. Түрүү магнайгаар тодрох ахуйд бултаараа тойрон бүчнэ чиг нэг. Баян ходоодоор нэрлэгдэх мөчид цугаараа бутарч холдоно чиг харин. Чамаас.
Унасан, уруудсан үед чинь хэн чиний дэргэд байна даа, залуу минь? Хөөрхий муу ээж чинь л тэвэрч аваад эрхлүүлэн тайтгаруулдаг юм, хат үзсэн аав тань л гүйж очоод урамшуулан тэнхэрүүлдэг юм. Гагцхүү тэд нар маань л биеэрээ дэргэд байж, сэтгэлээрээ тэнгэрээс ивээж байдаг буюу. Мөн бяр тэнхээ дүүрэн ах чинь түшиж байна, итгэл сэтгэл элбэг эгч чинь тулж байна. Ийм баян хөвүүн байж гундаж гуниглан суух учиргүй юм шүү.
Залуу чи, найз гэсэн нэгнийг "ирнэ" хэмээн харуулдах хэрэггүй. Нөхөр гэх нөгөөг "яачив" гэж гомдох шаардлагагүй. Тэд авдагаа авсан. Аваад сүүдэргүй арилдагийг нь чи харлаа, сая. Авах дуртай атлаа эргүүлээд өгдөггүйг нь ч мэдэж авлаа, түрүүн.
Тэдэнд харуусал гуниг тохиох цагт чи ДЭРГЭД нь байсаан байсан, гарыг нь ТҮШЭЭД мөн босгосон. Харин чиний гуниг харууслын үед тэд хажууд чинь байсангүй. Ийм байхад ямар балдуушаа харуулдаад байгаа юм, ямар элэнцэгээ хүлээгээд байгаа билээ?!
Ганц л зөв зам байна, эр хүн чамд. Ээжийнхээ бүүвэйн дууг сэргээж сайхан чихэндээ сонсоод, аавынхаа баргил хоолойг эргэж тухтай бодолдоо дурсаад чи өөрөө өндий. Гагцхүү өөрөө л бос. Өндийхөөр зориглох үед гэр бүлд чинь найдварын дөл асдаг гэлцэх юм. Босоод ирэхийн цагт ар гэрт чинь итгэлийн гал дүрэлздэг гэнэм. Иймийн учир, унасан хөвүүн чи АЛИВ БОС!!!
Эр хүнд тугал хариулах цаг байхад ТУГ БАРИХ өдөр ирдэг юм гэдгийг хатуу санаад хөл дээрээ ХҮЧТЭЙ БОС. Хүчтэй босохын хэрээр тугийг бат бэх атгадаг юм гэсэн. Атгасан тугаа эргээд хэзээ ч алддаггүй юм гэнэ билээ.
Бос. Яг одоо, эр хүн чи!
P.S. Өгүүлэмж төгөлдөр энэхүү зурагт хөтлөгдөн эрчүүддээ зориулан үг холбов. Тус зургийг хэн буулгасан юм бол доо?
Жалсрайн БАЯРЖАРГАЛ